АН-ЫН БҮЛЭГ: Нүүрсний хулгайг АН руу чихэж байгаа тул эдгээр асуудлыг илчлэхэд бид манлайлан оролцоно

АН-ЫН БҮЛЭГ: Нүүрсний хулгайг АН руу чихэж байгаа тул эдгээр асуудлыг илчлэхэд бид манлайлан оролцоно

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.12.05/ хуралдаж хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсаа өрийн дарамтгүй улс болгоно, иргэдийнхээ орлогыг 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна хэмээн амалсан ч эдгээр заалт биелсэнгүй. Эдгээр амлалт биелэхгүй байгаагийн цаад шалтгааны нэг нь нүүрсний хулгай юм. Нүүрс нь хилээр гардаг ч мөнгө нь орж ирэхгүй байхад өр нэмэгдэж, иргэдийн орлого буурч, ядуурлын түвшин өсөх нь зайлшгүй. Нүүрсний хулгай гэдэг зүйлийг үнэндээ эрх баригчид илчилсэн хэрэг биш юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өнгөрсөн есдүгээр гаргасан тайлан илтгэлд “Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буцаж орж буй мөнгөн дүнтэй нийцэхгүй байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Ирэх оны онцлох цэг чинь энэхүү асуудал мөн” хэмээн анх сануулсан юм. Төсөв давамгайлсан, төрийн өмчит компани давамгайлсан, уул уурхай давамгайлсан эдийн засаг чинь буруу зам руу хөтөлж байна шүү гэсэн сануулгыг бид өмнө нь ч өгсөөр ирсэн” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийе гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүдээс гаргасан. Сүүлийн үед Хөгжлийн банкны болоод нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэж байгаа тул эдгээр асуудлийг илчлэхэд бид манлайлан оролцоно. Нүүрсний хулгай бол хувийн хэвшлийнхнийг маш их хохироосон. Ингэхдээ мафижсан сүлжээгээр нүүрсний хулгайг хийсэн. Манай бүлгийн хоёр гишүүн болох А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэтэй нүүрсний хулгайтай холбогдсон. Гэвч тус хоёр гишүүн нь хоёулаа тус хэрэгт холбогдолгүй гэдгийг илэрхийлмээр байна" хэмээгээд эрчим хүчний салбарт үүсэж буй хүндрэлийг чухалчлан авч үзэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.