МАН-ын ээлжит Бага хурал ирэх сарын 06 /2022.12.06/ -ны өдөр товлогдсон. Тэгвэл тус хурлын өмнө буюу ирэх арванхоёрдугаар сарын 01-ны өдөр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурлыг хуралдуулах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Учир нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрч аймаг, сумдын гишүүд Улаанбаатар хотод ирж чадахгүй болсон байна. Хурлаар /НАМЭХ/ тэргүүнийг сонгохоор төлөвлөөд байсан юм. Холбооны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа тэргүүнийг сонгож, дүрмээ шинэчилдэг. Одоо тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байна.
-ХОЛБООНЫ ОДООГИЙН ТЭРГҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ “АЖЛАА ӨГӨХГҮЙ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА” ГЭЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны тэргүүнд санал болгох тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин холбооны гишүүд болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилох хүсэлтэй байгаагаа дотооддоо ярилцсаар байна. Харин одоогийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь тэргүүний ажлаа өгөхгүй, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хэлсэн гэх мэдээлэл байгаа юм.