Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Нийслэлийн залуучууд дэд хөтөлбөрийн 3.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр Зэвсэгт Хүчний 032 дугаар ангид боллоо.
Тус аяныг нээж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн бөгөөд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа С.Төмөрхуяг, Зэвсэгт хүчний 032-р дугаар ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхбаяр, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцов.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээлтийн үеэр хэлэхдээ:
“Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулж буй цэргийн албан хаагчид болон энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид та бүхэнд гэгээн өглөөний мэнд хүргэе. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран 2018 онд “Эерэг–Эх орон” аяныг санаачлан хэрэгжүүлж, Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2,300 ажилтан, албан хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү аяныг 2019 онд хоёр дахь жилдээ “Оюуны Довтолгоо” ТББ-ын чадварлаг багш нарын хамт зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд аяны нээлтийг Зэвсэгт Хүчний 032 дугаар ангиас эхэлж байгаад баяртай байна. Улс орны хөгжлийн тулгуур багана болсон залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог хангах, нийгмийн сайн сайхны төлөө эерэг мэдээлэл түгээн сурталчлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын хамт олонд гүн талархал илэрхийлье” гэлээ.
“Эерэг-Эх орон” аян 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд Нийслэлийн 9 дүүрэгт байрлах байнгын бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангиудын алба хаагч, хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудыг сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулах юм. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.