Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө “И-баримт” аппликейшн ашиглан хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөөг өнөөдөр /2019.11.04/ мэргэжилтнүүд өглөө. Эхний ээлжинд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээ, лавлагаа авах боломж бүрдээд байсан бол энэ удаа Татварын ерөнхий газрын үйлчилгээг авч болдог болсон талаар албаныхан танилцуулав.
Тодруулбал, иргэд өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг “И-баримт” аппликейшн ашиглан өөрийн харилцдаг интернет банкаараа төлөх боломжтой болжээ. Өмнө нь авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлөхөд заавал харьяа дүүргийн татварын албанд очиж, ногдолоо тодорхойлуулж, банкинд дугаарлан татвар төлбөрөө төлсний дараагаар татварын улсын байцаагчид очиж, тэмдэглэгээ хийлгэдэг байсан билээ.
Мөн жолооч нар гурван төрлийн 900-3000 төгрөгийн татвар хураамж төлдөг байсан бол одоо өөрийн байгаа газраасаа интернетэд холбогдон 300-хан төгрөгийн хураамж төлж, албан татвараа төлөх боломжтой болсон байна.
Цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд төрийн 25 байгууллагын 181 үйлчилгээг “И-баримт” аппликейшн ашиглан нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор төрийн хоёр байгууллагын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ажээ. Сар хүрэхгүй хугацаанд Улсын ерөнхий бүртгэлийн газрын иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах гэх мэт 38 төрлийн үйлчилгээ, лавлагааг 1500 орчим хүн авсан байна” хэмээн мэдэгдлээ.
Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төв улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг захирал “Өнөөдрөөс эхлэн “И-баримт” аппликейшнд Татварын ерөнхий газар гэсэн шинэ цэс нэмэгдсэн. Таны “И-баримт” аппликейшнд өөрийн бүртгэл дээр байгаа авто машины мэдээлэл гарч ирнэ. Хэрвээ авто машиныхаа албан татвараа төлөөгүй бол төлөх ёстой дүн нь харагдаж байгаа” гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд “И-баримт” аппликейшнг 1.2 сая хүн хэрэглэдэг бөгөөд шинэ хувилбарыг 300 гаруй мянган хүн гар утсандаа татаж аваад байгаа аж.
Удахгүй Татварын ерөнхий газраас бууны татвар, эд хөрөнгийн татварыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.