АНУ-ын Калифорни муж улсын эрх баригчид Сими-Вэлли хотод гарсан түймэртэй тэмцэхэд хоригдлуудыг дайчилж байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.
Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоригдлуудыг түймэртэй тэмцэхэд дайчилж буй анхны тохиолдол юм. Байгалийн гамшгийн бүсээс бэлтгэсэн “CNN” сувгийн сурвалжлагад дурдсанаар, "хоригдлууд түймрийг унтраахад сайн дураараа оролцож байгаа бөгөөд өдөрт 2-5 ам.доллар авч байгаа аж. Түймэртэй тэмцэхэд оролцсоных нь хариуд тэдний ялын хугацааг наашлуулж магадгүй бөгөөд зөвхөн бэлгийн шинж чанартай хүчирхийллийн болон галдан шатаах гэмт хэрэг үйлдээгүй хүмүүс л оролцох боломжтой гэж тус сувгийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
Сими-Вэлли хотод гарсан түймэр 500 гаруй га талбайд тархжээ. Түймэртэй тэмцэхэд 800 орчим гал сөнөөгч, гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон найман нисэх онгоц, есөн нисдэг тэрэг, 22 нэгж хүнд техник оролцож байгаа аж.
Калифорни муж улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар 10 том түймэр асаж байгаа бөгөөд муж улсын бүх бүс нутагт онц байдал тогтоогоод байгаа юм.