АНУ-ын тусгай хүчнийхэн Лалын улс бүлэглэлийн толгойлогч Багдадиг устгах ажиллагааг Сирийн Идлиб мужид өнгөрөгч бямба гарагт явуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Лалын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади амь үрэгдсэн талаар мэдээлсэн юм. Д.Трамп энэ талаар мэдэгдэхдээ "Багдадиг устгасан нь Осама бен Ладеныг устгаснаас илүү ач холбогдолтой үйл явдал" гэсэн байдаг.
Тэгвэл Аль Багдадиг устгасны дараа түүний амьдарч байсан байгууламжийг АНУ-ын сөнөөгч онгоцнууд зургаан пуужингаар харваж, газартай тэгшилсэн аж. Учир нь террористууд удирдагчийнхаа амьдарч байсан байгууламжийг шүтээн болгохоос сэргийлж ийм арга хэмжээ авчээ.