Н.Тэгшбаяр: Цөмийн зэвсэг хэрэглэвэл цацраг идэвхт үүл бий болж, цацрагийн хордлого, цаг агаарын өөрчлөлтүүд бий болно /ВИДЕО/

Н.Тэгшбаяр: Цөмийн зэвсэг хэрэглэвэл цацраг идэвхт үүл бий болж, цацрагийн хордлого, цаг агаарын өөрчлөлтүүд бий болно /ВИДЕО/

ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй дайны үйл ажиллагаатайгаа холбогдуулж, зайлшгүй тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх болно гэж хэд, хэдэн удаа мэдэгдсэн. Харин барууны орнууд “Хэрэв ОХУ цөмийн зэвсэг хэрэглэвэл шийдэмгий хариу арга хэмжээ” авна гэдгээ анхааруулаад байгаа. Цөмийн зэвсэг хэрэглэх тухай асуудал дэлхий нийтийн тэр дундаа манай хойд хөрштэй холбоотойгоор яригдаж эхлээд буй учир бид Цөмийн зэвсгийн хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх зэрэг асуудлаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа. 

ВИДЕО:

-Та юуны түрүүнд цөмийн зэвсэг гэж юу вэ гэдэг ойлголтын талаар яриач?

-Маш энгийнээр яривал атомын цахилгаан станцын түлшийг хэрэглээд хаягдалд нь агуулагддаг платоныг ашиглаж хийсэн маш их энерги гаргадаг зэвсгийг цөмийн зэвсэг гэж байгаа юм. Хүн төрөлхтөн түүхэнд цөмийн зэвсгийг Японд Хирошима, Нагасаки дээр хоёр удаа ашигласан байдаг. Түүнээс хойш цөмийн клуб бий болоод “цөмийн зэвсгийг ашиглахгүй байя” гэж тохиролцоод түүнээс хойш 80-аад жил хэрэглээгүй.

-Сүүлийн үед Орос Украины нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор цөмийн зэвсэг ашиглах тухай яригдаж эхлээд байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-Хүн төрөлхтөн дайны эсрэг байсан ч Орос Украины харилцаа хурцадсаар дайны нөхцөл байдалтай боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол хамгийн хариуцлагагүй мэдэгдэл. Хэрэв өндөр хүчтэй цөмийн зэвсгийг хэрэглэвэл цөмийн цацраг идэвхт үүл бий болж үүнээс үүдэлтэй цацрагийн хордлогууд, цаг агаарын өөрчлөлтүүд бий болно. Харин бүс нутгийн шинж чанартай буюу хязгаарлагдмал хүрээнд хэрэглэх цөмийн зэвсэг болох цөмийн хошуутай их буу, танк  гэж байдаг. Энэ зэвсгийг Орос Украины маргаантай тэр хэсгүүдэд хэрэглэж магадгүй гэж цэргийн шинжээчид үзэж байгаа. Их наймын уулзалтаар ОХУ-ын удирдлагуудтай өндөр түвшний хэлэлцээрт орж, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх гэсэн итгэл найдвар байна.

-Цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд гарах хор уршиг нь юу байх бол?

-Цөмийн зэвсгийн хүчин чадлаас шалтгаалаад гарах хор уршиг нь харилцан адилгүй. Хэрэв Хирошима Нагасакид ашигласан шиг цөмийн зэвсэг хэрэглэвэл шууд үхэлд хүргэнэ. Өнөөдөр цөмийн зэвсэг хэрэглэх нь зүгээр тохиолдлын асуудал. Харин түүнээс дагаж гарах хор уршиг гэж маш их. Цөмийн болон цацрагийн хордлого бий болох. Протеин нейтрон нь хүний биеийг нэвт гарч эсийн түвшинд эвдрэл үүсгэдэг учир хавдар, хавдарт бус өвчлөл бий болдог. Нэг үгээр хэлбэл эсийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж, хэвийн ажиллах боломжгүй болгодог гэсэн үг. Мөн хүний бамбай булчирхай хамгийн түрүүнд цацрагийн хордлогод өртдөг. Улмаар бамбай булчирхайн хорлогоос болж ухаан санаагаа алдах, солиорох, үргүйдэл бий болох, бодисын солилцооны асуудал үүсдэг. Ер нь цацрагийн хордлого нь бамбай булчирхай төдийгүй хүний биеийн бүхий л булчирхайг гэмтээдэг.

-Магадгүй улс орнууд цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд таны дээр дурдсан эрсдэлүүдээс хэрхэн хамгаалах боломжтой вэ?

-Цацрагийн хордлогод хүний бамбай булчирхай хамгийн түрүүнд өртөж, хордлого болдог. Харин энэ хордлогын эсрэг иод ашигладаг. Тиймээс ч Путины мэдэгдлээс болж ойрын өдрүүдэд иодын дэлхийн зах зээл дээрх үнэ 2-3 дахин өсөж байна.  

-Тэгэхээр улс орнууд эрсдэлийг тооцоод иод нөөцлөөд эхэлжээ. Манай улсын хувьд ч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа байх даа?

-Цөмийн зэвсгийн хор уршиг маш их учраас дэлхий дээр цөмийн зэвсгийн клуб, цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж байдаг. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэсэн статустай. Ер нь ийм статусыг улс орон бий болгох ёстой гэсэн уриалгыг Монгол Улс гадаад бодлогоо болгож аюулгүй байдал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээрийн замаар хамгаалахыг хичээдэг. Энэ нь манай улсын ҮАБ-ын үзэл баримтлалд байдаг. Дэлхий дээр өнөөдөр цөмийн зэвсэгтэй цөөхөн орон байна. Тодруулбал, Англи, Америк, Орос, Хятад, Пакистан. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй гэж үзэж байгаа бол Израйл улсыг цөмийн зэвсэгтэй байж магадгүй гэж үздэг. Манай улсын Цөмийн энергийн газар, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагууд нь энэ асуудал дээр ажиллаж байгаа байх гэж найдаж байна.

-ОХУ-ын ерөнхийлөгч Путины “цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэх мэдэгдэл нь зөвхөн Орос Украины асуудал биш дэлхий нийтийн асуудал болж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Цөмийн зэвсэг гэдэг хоёр улсын асуудал биш дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлтийг авч ирж байна. Ер нь сүүлийн 2-3 жил ковид дэлхий нийтийн дундын асуудал байсан бол өдгөө Орос Украины дайнтай холбоотойгоор цөмийн зэвсэг ашиглах асуудал нь дэлхий нийтийн хамгийн том дундын асуудал боллоо. Тиймээс ч АНУ, Англи ОХУ-ыг цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ бүхнээс үзэхэд ОХУ цөмийн зэвсэг хэрэглэнэ гэснээс үүдэж, дэлхийн гуравдугаар дайны амсар дээр тулж ирээд байна. Энэ бүхнээс дипломат яриа хэлэлцээрийн хүрээнд гарах ёстой. Тэгэхгүй бол энэ нь эцэс төгсгөлгүй юм болно. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралдах ёстой гэж харж байгаа.

-Цөмийн зэвсгийн хор хөнөөл, тархалт нь ямар байдаг талаар та сонирхуулаач?

-Үнэхээр одоо дэлхий дээр байгаа хамгийн хүчтэй цөмийн зэвсгийг хэрэглэх юм бол дэлхий даяар одоо жирийн үүл байгаа шиг тийм хэмжээний цөмийн үүл бий болж, дэлхийн агаарын температурт өөрчлөлт орно. Улмаар хүн, мал амьтан бүхэнд шууд хордлого илрэх аюул учирна. Харин дээр хэлсэнчлэн хязгаарлагдмал түвшинд хэрэглэх цөмийн зэвсэг хэрэглэвэл, Чернобылийн осол болсонтой ижил эфиект үүсэх байх гэж цэргийн болон цөмийн шинжээчид үзэж байгаа. Дахин хэлэхэд энэ бол зөвхөн Орос Украины асуудал биш дэлхий нийтийн дундын асуудал болоод байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө