ВИДЕО: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн тарьсан модыг АППЛИКЕЙШНААР хянаж, тооллого хийнэ

ВИДЕО: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн тарьсан модыг АППЛИКЕЙШНААР хянаж, тооллого хийнэ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд аймаг, банк санхүү, уул уурхай зэрэг салбар аж ахуй, нэгж байгууллагууд нийт 1.4 тэрбум мод тарих амлалтыг өгсөн бөгөөд түүнээс одоогоор 7.2 сая модыг тарьж ургуулжээ. Өмнө нь хэсэг газарт л олны хүчээр моджуулахаас илүүтэй ийнхүү хөдөлгөөн өрнүүлж бүх нийтээрээ хөдөлж байгаа нь илүү сайн үр дүнтэй байгаа талаар албаныхан онцолж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608.5 сая мод тарихаар амлалт өгсөн бол 21 аймгууд 670 сая, Банк санхүүгийн байгууллагуудын нэгдэл 88,5 сая, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 100 сая зэрэг нийтдээ 1,4 тэрбум мод тарих амлалтыг өгсөн байна.

Амлалтын хүрээнд тарьсан модны арчилгаа, усалгаа зэргийг дээрх байгууллага, аж ахуйн нэгжүүд бүрэн хариуцах бөгөөд намрын мод тарих өдөрлөгийн дараачаас нэг жилийн хугацаанд ямар хэмжээний мод таригдсан болоод ургалтын хувь хэр байгаа талаарх дүн мэдүүллүүд нэгтгэгдэж гарах аж.

Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ойжуулалт ой нөхөн сэргээлтийн явцын мэргэжилтэн Б.Ганзориг хэлэхдээ, “Тэрбум мод хөдөлгөөн зөвхөн тэрбум мод тарихдаа биш. Энэ чинь тэрбумаар тоологдох мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан зүйл. Амлалт авч байна гэдэг маань энийгээ арчилж ургуулна гэсэн эзэнтэй болгож байна гэж ойлгож болно. Удахгүй тарьсан моддыг хянах цахим хуудас, аппликейшнтэй болно.

Үүн дээр хүн тарьсан модныхоо location-ийг хийж бүртгүүлээд эргүүлээд бид тэр хүний тарьсан байршил дээр мод нь байна үгүй юу гэдгийг харна гэсэн үг.

Нэг хоёр жилийн дараа ургалт нь ямар байна гэдгийг үзэж хянах тодорхой хэмжээнд хяналтын тооллого хийгээд баталгаажуулах иймэрхүү ажил хийж байгаа. Тун удахгүй нээлтээ хийнэ. Бид тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аль болох импортоор мод оруулж ирж мод тарихгүй, хоёрдугаарт уулнаас мод шилжүүлж суулгаж тоогоо гүйцээхгүй тийм юм байхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа” гэв.

Мөн Хууль эрх зүйн хүрээнд ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин өргөн барихаар болсон бөгөөд үүнд үр тариа импортоор оруулж ирэхийг хориглох, тарьц болгоцоо уулнаас шилжүүлэн суулгахыг хориглох гэх зэрэг эрх зүйн орчныг бий болгохоор төлөвлөжээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд 305 мод үржүүлгийн газар ажиллаж байгаа бөгөөд 37.2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй байгаа юм. Харин тэрбум мод ургуулахын тулд 10 жилийн хугацаанд доод тал нь жилдээ 150-200 сая орчим тарьц суулгац үйлдвэрлэдэг хүчин чадалтай болох ёстой. Тэгэхээр одоо байгаа хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Иргэдийн санал хүсэлтээс дурдвал, аяны хүрээнд үнэгүй нэн ялангуяа жимсний модны суулгац авах сонирхолтой байгаа талаараа ярьсан юм. Харин албаныхан мэдээлснээр тэрбум модны дийлэнх хувь буюу 842 саяыг мөчрөөр ургадаг болоод жимсний төрлийн мод суулгахаар төлөвлөсөн байгаа гэжээ. Энэ нь иргэдийн сонирхолтой нийцэж байгааг ч онцолж байв.