ФАТФ-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалтад орсны бурууг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт тохоод уг асуудлыг намжаах нь. Буруутан нь ердөө энэ хоёрыг гэж эрх баригчид үзэж байна. Харин хариуцлагагүй ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа өөрчилж, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг батлаагүй Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарт хариуцлага хүлээх асуудал огт хамаагүй бололтой.
Монголд хариуцлагын систем хариуцсан сайд бус доод албан тушаалтандаа л үйлчилдэгийн жишээ энэ юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өрөөндөө дуудаж хариуцлагагүй ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан хэмээн буруутгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг сануулсан билээ.
Уг уулзалтын дараа С.Даваасүрэнг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад “Н.Баяртсайхан, С.Даваасүрэн хоёрын нэг нь өргөдлөө ирүүлсэн” гэж хариулсан юм.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдсэн гэж буй. Тэгэхээр өргөдлөө өгсөн хүн нь С.Даваасүрэн байх магадлалтай байгаа юм.
Ямартай ч тэднийг огцруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ 2020 оны төсвийн төсөл, мөнгөний бодлого зэргийг баталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын удирдлагууд үзсэн байна.
М.ЭНХБОЛДЫН “ХҮМҮҮС” ГЭХ ШАЛТГААНААР АЖЛААС НЬ
ЧӨЛӨӨЛЖ БАЙНА УУ
Сайндаа ч биш “Саарал жагсаалт” –д орсныг далимдуулан М.Энхболдын хүмүүсийг чөлөөлж авъя гэсэн одоогийн эрх баригчдын цаад санаа нь цухалзаж буйг нуух аргагүй. Улс төрийн хүрээнд ч энэ талаар ярилцаж байна. Тиймээс ч Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргад горилогчид Төрийн ордноор гүйлдэж гишүүдийн өрөөгөөр орж, гарч эхэлсэн байна.