SOS: "Дуу чимээний бохирдол" Улаанбаатар хотод аюулын түвшинд хүрч, зарим тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авч байна /ВИДЕО/

SOS: "Дуу чимээний бохирдол" Улаанбаатар хотод аюулын түвшинд хүрч, зарим тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авч байна /ВИДЕО/

Бидний сонсохыг хүсээгүй дуу чимээ амьдарч буй орчинд тархсанаас дуу чимээний бохирдол үүсдэг. Үүнд, эх үүсвэрүүдэд нь барилга, моторт тээврийн хэрэгсэл, гудамжны шуугиан болон нисэх онгоц, галт тэрэг хамаарна. Тэгвэл ДЭМБ-аас гадаад орчин буюу гудамж талбайн дуу чимээний зөвшөөрөх дээд хэмжээ нь 60дБ гэж тогтоосон ч нийслэл хотод 75.19 дБ буюу аюултай түвшинд хүрээд байна. Иймд бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Тодруулбал, Бидний мэддэгээр бохирдол гэх үгийг агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэргээр ойлгодог. Тэгвэл өдөр тутмын амьдралд хамгийн их тохиолддог хэр нь анзаарагддаггүй бохирдол нь дуу чимээний бохирдол юм. Хүний тархи нь биднийг унтаж байхад хүртэл хүрээлэн буй орчинд ямар нэг аюулын шинж тэмдэг байгаа эсэхийг үргэлж хянаж байдаг. Аюултай байж болох байнгын эсвэл хэт чанга дуу чимээ нь хүмүүст юуны түрүүнд айдас түгшүүр, стрессийг өдөөгч нэг хүчин зүйл болдог бөгөөд сэтгэл зүйн хувьд хэт мэдрэмтгий болох, илүү уур уцаартай, хэт туйлширсан эсвэл бухимдсан хандлагатай болдог байна. Мөн зүрхний шигдээс, цус харвалт өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх, жирэмсний хожуу үеийн хордлогын нэг хэлбэр болох преэклампсийн эрсдэлийг нэмэгдүүлэх,хүүхдийн өсөлт, хөгжилд илүү ноцтой нөлөөлөл үзүүлэх, аль ч насныхан 8 цаг дуу чимээний бохирдолд өртөх нь сонсох чадваргүй болоход хүргэх ч аюултай юм. Энэ мэт цаашлаад дуу чимээний бохирдлын улмаас гарах сөрөг үр дагаврын талаар эрдэмтдийн олон тооны судалгаа баримтыг та унших боломжтой.

Тэгвэл энэ асуудалд гаднын улс орнууд хэрхэн ямар арга хэмжээ аван хэрэгжүүлдэг талаар сонирхуулахад, БНСУ-ын хувьд Байгаль орчны бодлогын суурь хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Байгаль орчны бохирдлоос үүдэлтэй хохирол, дуу чимээ, чичиргээ зэрэг байгаль орчинд хохирол учирсан тохиолдолд барилгыг хариуцагч этгээд нөхөн төлнө гэж заасан байдаг байна. Мөн баригдаж барилгын дуу чимээ ойр орчмын оршин суугчдын тэсвэрлэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хууль бус үйлдэл болж хувирдаг бөгөөд хэт чанга дуу чимээ, чичиргээний нөхөн олговор олгох зэргээр арга хэмжээ авдаг байна.

Харин Европ, Америкийн орнуудад дуу чимээний хэмжээний дээд хэмжээг зааж өгснөөр дагаж мөрдөөгүй барилга, бусад дуу чимээг холбогдох эрх баригч нарт мэдэгдэж арга хэмжээ авхуулдаг байна. Мөн баригдаж буй барилгын ажилчдыг битүүмжилсэн том саравч болон дуу намсгагч зэргийг суурилуулж хянахыг үүрэгддэг байна.

Тэгвэл манай улсад яг энэ асуудалд хуульчилсан зүйл байхгүй ч иргэдийн санал гомдлын дагуу энэ наймдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн” тээврийн хэрэгслүүдэд ТЦА-наас шалгалтын ажлыг зохион байгуулж зохих журмын дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Энхболд, “Нийслэл хотын иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүсэлтийн дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хяналт шалгалт хийж, тус арга хэмжээний хүрээнд өнөөдрийн хугацаанд 512 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч авто тээврийн оношилгооны төв рүү шилжүүлэн ажилласан байна. Гарах дуу чимээ стандартыг хэмжээ хэтэрсэн жолооч зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу 85 жолоочид зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажилласан байна” гэлээ.

Мөн Баянгол дүүргийн техник хяналтын төвийн инженер н.Мөнхжаргал, “Өдөрт яндангийн зөрчлөөр манайд дунджаар 10-15 заримдаа 20 тээврийн хэрэгсэл ирж үзүүлж байгаа. Стандарт дээр бол суудлын автомашинаас гарч байгаа дууны түвшин болбол децибелээр шалгахад хэмжээ нь 74-өөс доошоо байх ёстой. Уралдааны машин турботой машин цаанаасаа бүдүүн яндантай чанга дуутай байдаг. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож огт болдоггүй. Үнэхээр уралдааны зориулалттай бол ачиж авчраад уралдаандаа хэрэглэдэг дүрэмтэй юм. Зарим хүмүүс сонирхогчийн машин ч гэдэг. Тэр ч ялгаагүй эсвэл зориулалтын чанартай дуу намсгагчаа хэрэглэх хэрэгтэй” гэлээ.

ДЭМБ-ын зөвлөмжид замын хөдөлгөөний дуу шуугианы улмаас жилд хамгийн багадаа нэг сая хүн эрүүл саруул амьдрах боломжоо алддаг гэсэн тооцоо гарсан байна. Гаднын улс орнуудад иргэдийн амьдрахад таагүй байдал үүсгэх тохиолдолд жишээлбэл иргэд хоорондоо харилцан ярихад болон телевиз, радио сонсоход хүндрэлтэй болох, чимээний улмаас нойргүйдэх, түгшүүрийн шинж тэмдэг илрэх, цонхоо нээж хаахад хүндрэлтэй болоход нөхөн олговрыг олгохоор хуульчилсан ч манай улсад энэ асуудалд хуулиар заасан шийдэл алга байна.

Эх сурвалж: WHO, Support.klac.or.ko, Environmental Health Perspectives, HearingSc.com,  BMJ, Environmental Pollution, CDC, The Indian Journal of Pediatrics, Research Gate, HoffmannAudiology.com