Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг энэ сарын 25-ныг дуустал /2022.08.25/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож байна.
Тус жүжгийн хувьд Монгол, Гадаад үзэгчдээс маш өндөр үнэлгээг аваад байгаа бөгөөд удахгүй Лондон хотноо тоглогдох юм.
Энэ талаар бид Английн West End театрын продюсер Оливер Кинг болон Гай Чапмэн нартай ярилцсан. ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл мөн тус театрын техникийн продюсер Паул Годфрэе саяхан Монголд ирж мэргэжлийн хүний үүднээс “Тамгагүй төр” жүжгийг үзэж сонирхон, гадаадад зуучилж тоглуулах талаар бидэнтэй ярилцав.
ВИДЕО:
-Сайн байна уу. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу. Монгол үзэгчдээ. Намайг Паул Годфрэе гэдэг. Би техникийн продюсер. Би дэлхийгээр явж олон төрлийн тоглолт жүжгүүдийг өөр өөр оронд зуучилж өгч, тоглуулдаг хүн байгаа.
-Та жишээ дурдаач?
Жишээ нь би Оросоос балетын тоглолтыг Хятадад аваачиж тоглуулах эсвэл Эстониос Лондонд жүжиг тоглуулах зэрэг ажлуудыг хийсэн. Одоо харин би Монголд ирж энэхүү гайхалтай жүжгийг Европын орнуудад тоглуулах зорилготой ирсэн байна даа.
-Монголд анх удаа ирж байна уу. Монголын талаар сэтгэгдлээсээ та хуваалцахгүй юу?
Би дөнгөж Голландаас Монголд ирээд байна. Онгоцны буудлаас шууд театр дээр ирсэн учраас одоохондоо миний Монголын талаар анхны сэтгэгдэл бол театр л байна. /инээв/ Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Үүнээс илүү олон гоё зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Та ажлын гараагаа хэзээнээс эхэлж байв. Ер нь ойролцоогоор хэчнээн тооны уран бүтээл дээр ажилласан байна вэ?
Би чинь маш хөгшин хүн шүү дээ. /инээв/ Олон жилийн өмнөөс ямартай ч энэ салбартаа ажиллаж байгаа. Хамгийн анх 1980-иад оны үед рокн ролл тоглолт дээр ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш маш олон том том балетын компани, сонгодог мюзиклийн компани, ласкала гэх мэт үнэхээр олон зүйл дээр ажиллаж иржээ. Учир нь би өөр өөр төрлийн уран бүтээл дээр ажиллахыг үнэхээр сонирхолтой гэж боддог юм л даа.
-“Тамгагүй төр” Монгол физикл драмыг үзэж сонирхлоо шүү дээ. Юуны түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцаач?
Надад нэг анзаарагдсан зүйл гэвэл энэхүү жүжиг нь Шекспирийн үеийн жүжиг шиг санагдлаа. Хэдийгээр Монгол улс Шекспирээс хамаагүй эртний өв уламжлалтай, гүн түүх соёлтой гэсэн ч энэхүү жүжиг нь надад яагаад ч юм Шекспирийн үеийн жүжиг шиг мэдрэмж төрүүллээ. Юу гэх гээд байна вэ гэхээр жүжиг нь маш эрхэмсэг бөгөөд амбицлаг байсан ба үүнийг нь тайзан дээрх маш олон төрлийн өнгөний зохицолдлогоо бүжиг зэргээр гарцаагүй улам хүчтэй содон болгож байсан учраас юм.
-ЭНЭ ЖҮЖИГ ГАДААДЫН ҮЗЭГЧДЭД МАШ ИХ ТААЛАГДАНА. ТААЛАГДАХ Ч ЁСТОЙ-
-Жуулчид Монголд ирэхдээ Монголын өв уламжлалыг илэрхийлсэн нэг болтугай зүйл үзэж хараад сайхан сэтгэгдэлтэй буцаж байна гэж дүгнээд байна л даа. Харин гадаадад тоглогдвол юугаараа илүү татах юм шиг санагдаж байна вэ?
Миний хувьд Монголд ирж энэхүү жүжгийг Лондон эсвэл Европын бусад орнуудад тоглогдох боломжтой болгох гэж ирсэн. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Харин гадаадын үзэгчдэд таалагдана гэдэгт маш итгэлтэй байгаа. Тэдэнд үнэхээр таалагдах ч ёстой. Учир нь энэ бол яах аргагүй урлагийн гайхалтай нэгэн бүтээл юм.
-Тэгвэл техникийн продюсерын үүднээс гадаадад тоглогдоход гарах хүндрэлээс дурдвал?
Миний хийдэг зүйлсийн нэг бол ямар нэгэн жүжгийг анхны тоглогдсон тайзнаас нь авч өөр техник технологитой хослуулан том жижиг театрт эсвэл бүр задгай талбайд аваачиж тоглуулах юм. Чухамдаа найруулагчийн бүтээсэн урлагийн төгс шийдлүүд нь гадаадад тоглогдохдоо тэр хэвээрээ буухгүй ч бид аль болох анхных шиг нь байлгах гэж хичээнэ. Гэхдээ миний бодлоор заавал ч үгүй ямар нэгэн өөрчлөлт гаргах шаардлагатай гэж бодож байна. Яагаад гэвэл яг анхных шиг ээ тайз, техник технологитой биш бол ямар нэгэн жүжгийг нэг газраас нөгөө газарт тэр чигээр нь жүжгийг буулгах боломжгүй.
-Ярилцсанд баярлалаа.