Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

Өвлийн Паралимпын XIV наадам Италид баасан гарагт албан ёсоор эхэллээ.

Өвлийн Олимпын XXV наадам дууссанаас хойш 12 хоногийн дараа Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла МЭ I зуунд баригдсан эртний Ромын амфитеатрт орон нутгийн цагаар 21:19 цагт наадмыг нээснийг зарлажээ. Олимпын галыг Милан хотын Энхтайвны нуман хаалга болон Кортина д'Ампеццо хот дахь Дибона талбайд дахин нэгэн зэрэг асаасан байна.

Орос, Беларусийн паралимпын тамирчдыг төрийнхөө далбаан дор оролцохыг зөвшөөрсөн тул Украин, Чех, Эстони, Финланд, Латви, Литва, Польш улсуудын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн нээлтийн ёслолд оролцоогүй байна. Оросын тамирчид жагсан орж ирэх үед үзэгчид дургүйцлээ илэрхийлэн шуугилджээ. Оросын төрийн далбааг 2014 оноос хойш анх удаа олимпын нээлтийн ёслолын үеэр авч явсан байна. Мөн Герман, Франц, Их Британи, Канад зэрэг улсын шигшээ баг нээлтийн ёслолд “техникийн шалтгаанаар” оролцоогүй байна. Олон улсын Паралимпын хорооны төлөөлөгч Крейг Спенсийн хэлснээр, эдгээр баг “спортын амжилтад илүү анхаарал хандуулахыг хүсэж байна” гэж мэдэгджээ.

Орос, Беларусийн тамирчид Милан, Кортина д'Ампеццо хотуудад болох 2026 оны өвлийн Паралимпын наадамд төрийнхөө далбаан дор оролцох боломжтой гэдгийг Олон улсын паралимпын хороо хоёрдугаар сарын 17-нд мэдэгджээ. Өвлийн Паралимпын тэмцээнд Оросын 6, Беларусийн 4 тамирчин оролцоно. 2025 оны есдүгээр сард Олон улсын Паралимпын хорооны /IPC/ Ерөнхий Ассамблейн хуралдаанаас Оросын ба Беларусийн Паралимпын хороодын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Орос, Беларусийн тамирчид төрийнхөө далбаан дор Паралимпын наадамд оролцох эрхтэй болсон боловч тэднийг оролцуулах эсэх нь спортын холбоодоос шалтгаалж байв.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Спортын арбитрын шүүх “Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй” гэсэн Олон улсын цана, сноубордын холбооны /FIS/ шийдвэрийг давж заалдсан тус хоёр улсын тамирчдын гомдлыг хэсэгчлэн хангасан тул тамирчид төрийнхөө далбаан дор, үндэснийхээ бэлгэдлүүдийг ашиглан FIS-ийн уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхтэй болжээ. Паралимпын наадам 10 хоног үргэлжлэх бөгөөд хаалтын ёслол гуравдугаар сарын 15-нд Кортина д'Ампеццо хотын хоккейн цэнгэлдэх хүрээлэнд болно.




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө