“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна

Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцож байгаа юм.

Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцож байна. Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэн олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаас гадна аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилж байна.

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Уг өдөрлөг нь монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB food festival” арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд маань үндэсний хоолоо сурталчлан таниулах хэрэгтэй. Хотын даргын зүгээс ч мөн гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх, иргэд, аж ахуй нэгжүүд ямар нэг дарамт шахалтгүйгээр үйлдвэр, үйлчилгээгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй, явган зам дээр орц, гарц хааж зогсохгүй, хүнсний аюулгүй байдлыг чанд хангасан хэн бүхэн хүссэн үйлчилгээгээ иргэдэд хүргэж болох юм. Бид цаашид энэ асуудалд илүү анхаарах болно. Та бүхэн сайхан хооллоорой” хэмээсэн юм.

2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр “Cosplay & Comic night” тэмцээн болоод бургер, зайрмагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Зайрмагийн тэмцээнийг зургаа хүртэлх насны таван хүүхдийн дунд явуулсан бөгөөд ялагчаар Э.Энхтүвшин хүү шалгарлаа. Тэрбээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө зайрмагны тэмцээнд ороод түрүүлсэндээ баяртай байна. Шагналынхаа эрхийн бичгээр эгч, дүү нартаа зайрмаг авч өгнө. Одоо удахгүй гоё хоол идээд, гэртээ харьж төрсөн өдрийн тортоо иднэ. Дараа жил дахиж ийм тэмцээнд оролцмоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Өдөрлөгт орлцож буй Монгол Улсын мастер тогооч Х.Монхор:

-Би 41 жил тогооч мэргэжлээр ажиллаж байна. Миний шавь нар өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаа. Хоол бол хамгийн чухал зүйл. Ялангуяа зөв хооллолт. Хүн өдөрт хэдэн ч удаа хооллож болно. Гол нь шим тэжээлтэй, зөв хоолоо сонгож, шаардлагатай илчлэгээ авах нь чухал. Шавь нарынхаа асраар зочлон ямар хоолыг хэрхэн хийж байгааг амтлан, өөрийн зүгээс зөвлөгөө өгөөд явж байна.

Мастер тогооч Б.Баттулга:

-Бид уг арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Хоолны соёл сүүлийн жилүүдэд маш их хөгжиж байгаа. Бусад улс орны хоолны соёл ч ихээр нэвтэрч байна. Бид өнөөдөр Узбек үндэсний хоол болох пловоор иргэдэд үйлчилж байгаа. 500 литрийн багтаамжтай тогоонд 300 хүний порцоор хоолоо хийсэн. Иргэд ч маш ихээр сонирхон үйлчлүүлж байгаад баяртай байна. Сүүлийн үед ер нь төрийн байгууллагуудаас биднийг ихээр дэмжиж, энэ мэт арга хэмжээг зохион байгуулж буй нь тун таатай санагдаж байгаа.