Сайжруулсан түлшээр аюулгүй галлах зөвлөмжийг 220 мянган өрхөд хүргүүлжээ

Сайжруулсан түлшээр аюулгүй галлах зөвлөмжийг 220 мянган өрхөд хүргүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт долоон өрхийн 13 иргэн (дөрвөн хүүхэд, есөн том хүн) хандаж, гурван хүн хэвтэж, хоёр хүүхэд, дөрвөн том хүн эмнэлгээс гарсан. Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 3-ны өдрөөс 15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар 306 иргэнд (124 хүүхэд, 182 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс насанд хүрсэн 25, хүүхэд долоо хэвтэн эмчлүүлж, 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ, зөвлөгөө өгч ажилласан байна. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь хүргэж ажиллалаа. Үлдсэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэгдээгүй айл өрхийн шалтгаан нөхцөлийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар нэгтгэн гаргаж байна. Ихэнх айл өрхүүд нь нүүсэн, эзэнгүй гэсэн шалтгаантай байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотын иргэдэд үүрэн холбооны юнител, мобиком, скайтел, жи-мобайл компаниудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг аравдугаар сарын 10, 11, 14-ний өдрүүдэд гурван удаагийн давтамжтайгаар давхардсан тоогоор нийт 2.689.287 иргэнд хүргэж сэрэмжлүүллээ гэсэн мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс




Өнөөдөр тахиа өдөр

26 минутын өмнө