Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгит багийн “Донгит”, “Улаан бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ зургадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 3 өрхийн гэр нурж, 1 автомашины цонх хагарсан тухай мэдээллийг зургадугаар сарын 16-ны 10:30 цагт хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч зургадугаар сарын 16-ны өдөр очижээ. Шуурганд малчин Г, Л, Г нарын 5 ханатай 3 гэр нурж эвдэрсэн, иргэн Л-ийн “Аллион” загварын суудлын автомашины цонх хагарсан тухай мэдээллийг Донгит багийн ЗДТГ-ын дарга, Шанх багийн ЗДТГ-ын дарга нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мөн Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 72 км-т/ зургадугаар сарын 15-ны өдрийн 20:50 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 5 өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг зургадугаар сарын 16-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч зургадугаар сарын 16-ны өдөр тухайн газруудад очижээ. Шуурганд малчин Х, М, Д, О нарын 5 ханатай 4 гэр, М-ийн 4 ханатай 1 гэр тус тус нурж, эвдэрсэн мэдээллийг Мааньт багийн ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээллээ.