Хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантиног албан тушаалаасаа огцрохыг Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA), Хойд, Төв Америк болон Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбоо (CONCACAF), Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC) хамтран шаарджээ.
Тус гурван холбоо нээлттэй захидал гаргаж, FIFA-г хөлбөмбөгийг “захирахыг оролддог” бус, харин хөлбөмбөгт үйлчилдэг удирдлагатай болгох шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн Инфантиногийн удирдлагын арга барилыг шүүмжилж, итгэлцлийг эвдсэн, шийдвэр гаргалтад хангалттай ил тод байдал байгаагүй гэж буруутгажээ. Энэхүү зөрчилдөөн нь FIFA-гийн ДАШТ-ий арилжааны эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад хэсэгчлэн шилжүүлэхээр төлөвлөсөн FIFA Forward Enterprise (FFE) төслөөс үүдэлтэй. Уг төлөвлөгөөний хүрээнд FIFA шинэ компанийнхаа 21 хүртэлх хувийг худалдаж, ойролцоогоор 4.2 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байсан бөгөөд гол хөрөнгө оруулагчаар Дональд Трампын хүргэн Жаред Кушнерын ах Жошуа Кушнерын үүсгэн байгуулсан Thrive Capital нэрлэгдэж байв.
Гэвч уг төлөвлөгөө нь FIFA-гийн гишүүн холбоод болон хөлбөмбөгийн хүрээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. UEFA FIFA-г хөлбөмбөгийн арилжааны эрхийг “зарж”, өөрсдийгөө болон ойр хүрээллийнхнээ баяжуулахыг оролдож байна хэмээн шүүмжилж, FIFA-гийн тэмцээнүүдийг бойкотлох хүртэл арга хэмжээ авах боломжийг хэлэлцсэн байна. Үүний дараа Инфантино FFE төслийг цуцалсан ч түүний эсрэг шүүмжлэл намжаагүй байна. UEFA-гийн зүгээс FIFA-гийн ДАШТ-ий арилжааны эрхийн бодит үнэлгээг хараат бусаар шалгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн хүрээнд 4.2 тэрбум ам.долларт 21 хувийн эзэмшил санал болгосон нь зах зээлийн бодит үнээс доогуур байсан эсэхийг шалгах асуудал ч яригдаж байна.
Эх сурвалж: The Guardian