Маргааш буюу наймдугаар сарын 12-нд Португалийн нутаг дэвсгэрт бүтэн нар хиртэлт болно. Энэ үеэр тус улсын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 45 орчим хувиар буурах төлөвтэй байгааг цахилгаан дамжуулах сүлжээний оператор компани болох "REN" мэдэгдлээ.
Энэ удаагийн хиртэлт нь Португалийн эх газрын нутаг дэвсгэрийн 92–100 хувийг хамарч, нутгийн хойд хэсэгт хамгийн тод ажиглагдах бөгөөд орон нутгийн цагаар 18:30–20:30 цагийн хооронд тохионо. Үүний улмаас нарны эрчим хүчний үйлдвэрлэл 450 мегаваттаар буурах бөгөөд энэ нь тухайн цагт хэрэглэх нийт цахилгааны хэрэглээний ойролцоогоор долоон хувьтай тэнцэх юм. Хиртэлтийн оргил үед нарны эрчим хүчний үйлдвэрлэл минутад 35 мегаватт болж буурах тул үйлдвэрлэл, хэрэглээний тэнцвэрийг хангах, Испанитай холбогдсон сүлжээний зөрүүг хянахын тулд УЦС, ДЦС-уудын нөөцийг дайчлах шаардлагатай болно. Энэ үеэр нарны эрчим хүчний үйлдвэрлэл жамаараа буурч, хэрэглээ оройны оргил үед шилжиж эхэлдэг нарны гэрэл бүдгэрэх үед тохиож байгаа тул түүний нөлөөллийг хэсэгчлэн хязгаарлах боломжтойг REN компани мэдэгдлээ.
Хиртэлт нэгэн зэрэг болж байгаа Европын бусад бүс нутаг дахь үйлдвэрлэлийг тооцож үзвэл, нийтдээ ойролцоогоор 9,700 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломж алдагдахаар байна. Долоодугаар сард Португалийн цахилгаан хэрэглээний 19 хувийг нарны эрчим хүчээр хангасан нь үндэсний цахилгаан шугам сүлжээнд анх удаа нарны эрчим хүч нь гол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болсон тохиолдол юм.