Нийслэлийн 100 цэцэрлэгийн багшийг хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сургалтад хамруулж байна

Нийслэлийн 100 цэцэрлэгийн багшийг хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сургалтад хамруулж байна

Сургуулийн өмнөх нас нь хүүхдийн хэл яриа, авиан дуудлага эрчимтэй хөгждөг чухал үе юм. Энэ үед илэрсэн авиан дуудлагын алдааг эрт илрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр дэмжих нь хүүхдийн цаашдын суралцах чадвар, харилцаа, хөгжлийн явцад чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн 100 багшийг “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, хэл заслын анхан шатны мэдлэг, чадвар олгох” сургалтад хамруулж байна. Сургалтаар сургуулийн өмнөх боловсролын багш нарт хүүхдийн авиан дуудлагын хөгжлийг дэмжих, зөв дуудлагыг төлөвшүүлэх арга зүйг эзэмшүүлж, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар олгох юм.

Хүүхэдтэй өдөр бүр ажилладаг цэцэрлэгийн багш нар авиан дуудлагын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадсанаар хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр хүүхдийн хэл ярианы хөгжлийг сургуулийн өмнөх наснаас нь дэмжиж, цаашдын суралцах чадвар, нийгмийн харилцаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой аж.