Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10-15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна.
Чуулганд дэлхийн 102 улсаас 200 шахам малчин, төлөөлөгч хүрэлцэн ирж, тэд энэ сарын 10-13-ны өдрүүдэд Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хээрийн аялал, бүсчилсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд оролцож эхэллээ. Тухайлбал, Дэлхийн өөр өөр бүс нутгаас хүрэлцэн ирсэн 123 малчин, албаны төлөөлөгчдийн хамт Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгийг зорьж, Монголын малчидтай уулзаж, бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчдын ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцан, өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээл, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчдын эрх, оролцоо зэрэг малчдад нийтлэг тулгамдаж буй асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, цаашдын боломж, хамтын шийдлийг эрэлхийлэх юм. Бүсчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Нэгдсэн хуралдаанаар малчдын дуу хоолой, туршлагыг дэлхийн түвшинд хүргэх нэгдсэн индэр болгож бүс нутгийн болон сэдэвчилсэн малчдын уулзалтуудаас гарсан гол тунхаглалуудыг эцэслэн батлана. Улмаар нэгдсэн хуралдааны баримт бичигт туссан малчдын дуу хоолой, санал санаачилгыг COP17 хурлын олон улсын хэлэлцүүлэгт хүргэхээр төлөвлөж байна.