УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр /2022.05.31/ өргөн барилаа.
Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 23 жилийн дараа санаачилж байгаа нь энэ юм. Тус хууль нь анх 1973 онд батлагдаж байсан бөгөөд 1999 онд шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж ирсэн байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд долоон удаагийн өөрчлөлт орсон байдаг. Үүнээс шалтгаалан гэр бүлийн асуудлаас болж хохирч буй иргэдийн эрх зүйн байдлыг хохироох нөхцөл үүсэх нөхцөл бий болж байсан талаар гишүүд мэдээлэв.
Хуулийн төсөлд хамгийн гол орж буй өөрчлөлтүүд нь хүүхэд, хүүхдийн эрх, тэтгэмж зэрэгтэй холбоотой аж.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийг 23 жилийн дараа өөрчлөхөөр төсөл өргөн барьж байна. Бидний оруулж буй хамгийн гол өөрчлөлт нь хүүхэдтэй холбоотой асуудал. Гэр бүл салалтаас хүүхэд хамгийн их хохирдог. Манай улсад жилд 3391 гэр бүл салж, сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Нэг гэр бүл дундажаар хоёр хүүхэдтэй гэхэд жил бүр 7000 хүүхдийн асуудал хөндөгддөг. Гэтэл хүүхдийн тэтгэмжийн хэмжээ, төлөлт хангалтгүй байдаг.
Одоогийн хуулиар 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар, 11-ээс дээш насны хүүхдэд амьдралын баталгаажих доод түвшнээр тэтгэмж тогтоодог. ҮСХ-ны даргын тогтоосон амьдралын баталгаажих түвшингээр тооцохоор 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Өнөөгийн нийгэмд энэ мөнгөөр хүүхдийн хооллож, боловсрол эзэмшүүлэх ямар ч боломжгүй.
Тиймээс хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн орлоготой нь уялдуулж, орлогынх нь 50-иас доошгүй хувиар тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Мөн хүүхэд хүнд өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд шинжээч ажиллуулж, зардлыг тэтгэмж төлөгчөөр төлүүлэхээр зохицуулж байна” гэлээ.