ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины биеийн байдал муудсан бөгөөд үүнийг нуун дарагдуулахын тулд түүний урьдчилан хийсэн бичлэгүүдийг цацаж байгаа талаарх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч эхэллээ.
Тухайлбал, Английн “Daily Star” сонинд “В.Путин хэдийнэ нас барсан байх магадлалтай. Үүнийг яв цав мэдэх аргагүй. Хэрэв тэр нас барвал Кремлийн эрх баригчид хэдэн сараар нууцалж, ижил хүнийг оронд нь тоглуулна. Учир нь В.Путины үхлийн талаар мэдээлэх нь улс дотор эргэлт гарахад нөлөөлж, Оросын цэргүүд Украин дахь дайнаа үргэлжлүүлэх хүсэлгүй болж мэднэ” гэжээ. Харин “Sun” сонинд “В.Путины биеийн байдал муудсан бөгөөд үүнийг нуун дарагдуулахын тулд урьдчилан хийсэн бичлэгүүдийг цацаж байж магадгүй” гэжээ.
Тэгвэл Их Британийн тагнуулын албаны дарга В.Путиныг аль хэдийн үхсэн байж магадгүй бөгөөд түүнийг адилхан хүн орлож байгаа” гэж ярьсан байна.
Өмнө нь барууны томоохон хэвлэлүүдээр ОХУ-ын удирдагчийг хорт хавдар, Паркинсоны өвчинтэй тэмцэж байгаа талаар мэдээлж байв. Мөн түүнийг хэвлийн хүнд хагалгаанд орсон гэх яриа ч байдаг. Харин Кремлиэс энэ бүх мэдээллийг үгүйсгэсээр байна. Өчигдөр/2022.05.29/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Францын сонинд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч эрүүл, саруул байгаа. Магадгүй та бүхэн түүнийг эрүүл, саруул байгаа гэдгийг телевизийн дэлгэцээр ч харж болох юм. Ямар ч эрүүл ухаантай хүн түүнээс ямар нэг өвчний шинж тэмдэг олж харахгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Sun, Mirror