ВИДЕО:  К поп сонсдог залууст зориулсан анхны “Vante” кафе Улаанбаатарт нээгджээ

ВИДЕО: К поп сонсдог залууст зориулсан анхны “Vante” кафе Улаанбаатарт нээгджээ

Одоогоос 10-15 гаруй жилийн өмнө Монголын залуус “Big bang”, “2NE1”, “B.A.P”, “beast”, “super junior”, “H.O.T” гэх мэт хамтлагуудыг сонсож, дурлаж явсан ч сүүлийн жилүүдэд к поп урсгал манай хүүхэд залуус гэлтгүй ахмад насныхан дунд бүр илүү хүч төрөн орж ирж байна гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл к поп хөгжимд дурлагч хүн бүхэнд тусгайлан зориулсан Монголын анхны кафег бид энэ удаа зорилоо. Тус кафег “Vante” гэж нэрийдэх бөгөөд тус нэрний утга нь алдарт BTS хамтлагийн гишүүн “V”-гийн албан бус нэр юм.

ВИДЕО: 

“Vante” кафены хувьд 2020 оны долдугаар сард анх үүд хаалгаа нээж, хүүхэд залуусын үргэлж очихыг эрмэлздэг газруудын нэг яах аргагүй болсон бөгөөд кафег үүсгэн байгуулагч Б.Нямбаяр 20 гаруй жил к поп тасралтгүй сонсож, хайрлаж байсан тул хоббигоороо тус кафег анх нээх санаа төрж байжээ.

Бүхий л гоёл чимэглэл, тавилга, дотор засал нь дан ганц кафен ажилчдын бус сонсох дуртай хамтлагуудын шүтэн бишрэгчдийн хайраар боссон аж. Учир нь хэрвээ хүсвэл үйлчлүүлэгчид нь тухайн хамтлагийнхаа өөрийн эрхэмлэж нандигнадаг ховор нандин зураг, фото карт гэх мэт зүйлүүдийг нааж, хадгалж үлдээж болдог бөгөөд түүнийг тэрхүү газраас авах сэдэл нэгээхэн хүнд ч үгүй биз.

Манай сурвалжлах алба тус кафегаар үйлчлүүлж буй хэд хэдэн залуусаас сэтгэгдлийг асууж хором ярилцлаа. Тэд “Энэ газрыг анх нээж байхад маш их баярлаж байсан. Учир нь сонсох дуртай хамтлагийнхаа дууг сонсоод үзэл бодол нийлсэн найзуудтайгаа сууж ярилцана гэдэг бол маш гоё зүйл” гэсэн бол “К поп сонсдог хүүхдүүдийг хааяа гадуурхах чиг хандлага ч харагддаг. Иймд ийм зүйл нээгээд сонирхол нэгтээ хүмүүсийг танилцуулаад ийм сайхан найзуудтай болгосонд баяртай байна” гэлээ.

Мэдээж к поп кафен хамгийн том онцлог гэвэл шүтдэг, сонсдог хамтлагуудынхаа гишүүдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудыг хамтдаа хуваалцсан үйл ажиллагаа явуулах. Өмнө нь ийм төрлийн ажиллагааг энгийн кофе шопуудыг түрээсэлж хийдэг байсан бол тус кафе нээгдсэнээс хойш бараг бүх к поп хамтлагийн тэмдэглэлт баяр, шинэ дууны баярыг хүртэл эвент зохион байгуулж, шүтэн бишрэгчдийг хүсэн хүлээж догдлуулдаг болжээ.

Заримдаа бага насны хүүхдэдээ чирэгдсээр орж буй аав ээжүүдийг энд олонтаа харах аж. Учир нь хүүхдийнхээ сонирхлыг ойлгохыг хичээж, зүгээр л хамт сууж сонирхон сонжиж хүүхдийнхээ идэж уух зүйлийг авч өгөн төлбөрийг төлөөд гараад явдаг тухай ч тус газрын ажилтан бидэнд ярилаа.

Бүр эсрэгээрээ хүүхэдтэйгээ цуг ирсэн болов уу гэж бодох хооронд дуртай хамтлагийн постерийн өмнө очоод хүүхэд шиг дэвхцэх ахимаг насныхныг ч харах боломжтой. Энэ хөгжмөөс эрч хүч, урам зориг, үлгэр дуурайлал авдаг олон хүн бий. Тус кафен өнцөг булан бүрд маш олон хамтлагуудын шүтэн бишрэгчдэд зориулсан буланг нээж, тухтай байх бүрэн боломжийг нээж өгсөн нь мөрөөдлийн газар гэлтэй...