Цар тахлын улмаас хоёр жил "завсарласан" Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг энэ жил нөхөн тэмдэглэнэ гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй. Тэгвэл энэ жилийн хувьд Монгол улс түүхэндээ анх удаа “Эрийн гурван наадамд” гаднынхныг оролцуулахаар болжээ.
Тодруулбал, Жил бүрийн долдугаар сарын 11,12,13-ны өдрүүдийг улс даяараа Үндэсний их баяр наадмын өдөр хэмээн Монгол бөх, хурдан морины уралдаан, сур харваа зэрэг уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.
Харин саяхан буюу тавдугаар сарын 09-ны өдөр /2022.05.09/ ОХУ-ын эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан Тувагийн үндэсний бөхийн Хүрээшийн уралдаанд тус улсын бөхчүүд Монголын үндэсний их баяр наадмын бөхийн уралдаанд оролцох эрх, зөвшөөрлийг Монгол улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй бөхчүүд бичгээр хүргүүлсэн байна.
Энэ талаар тус улсын мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар, “2022 он хүртэл Монголын үндэсний их баяр наадмын уралдаанд гаднынхныг оролцуулдаггүй байсан. Тэгвэл энэ жил буюу ялалтын баярт зориулсан барилдааны үеэр Монгол улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй бөхчүүд бичгээр наадамд оролцож болно гэсэн бичгийг бидэнд хүргүүллээ. Тувачууд Монголын нэгэн адил Наадмын баяраараа бөх, морь уралдуулах, Үндэсний сур харваа эрийн гурван наадмыг хийдэг. Ялангуяа Тува Монгол бөхийн дүрэмд нэг их ялгаа байхгүй. Монгол, Тува бөхчүүд бөхийн өмсгөл, бөхийн гутал зэрэг нь адилхан бөгөөд барилдааны өмнө болон дараа бүргэдийн дэвэлт хийдэг дэлхийн цорын ганц ард түмэн. Тувагийн бөхчүүд Монгол түмний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ямар амжилт үзүүлэх нь энэ зун тодорхой болно” гэжээ.