Идэш тэжээлийн хомстлоос үүдэж баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байсан иргэд рүү баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгасан байгаа юм. Гэтэл баавгайнд бариулж нас барсан байж болзошгүй насанд хүрсэн нэг хүн, бага насны нэг хүүхэд байсан байдаг.
Тэгвэл үүнээс төд удалгүй тус сумын Бугант тосгоны Цагаантохой гэх газарт, иргэн Ш.Саулегулийн гэрт баавгай орсон талаар тэрбээр олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.
Энэ талаар Ерөө сумын иргэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Ингээд гэрээ шалгах санаатай очсон чинь баавгай ороод хамаг юмыг бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй л дээ. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон гэсэн. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зурагтай байсан” хэмээн ярьсан байна.
Тэдний өвөлжөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 18 км, Бугант тосгоноос 50 гаруй километрийн зайтай байдаг аж. Мөн тэрээр “Гэрт маань баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа дараалан арын айлуудад орсон юм билээ. Нэг айлын эсгий гэр, нөгөө айлын байшинд орсон гэсэн. Байшин руу орохдоо цонхыг нь хагалсан гэцгээж байна лээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан. Мөн хоёр хоногийн өмнө л гэхэд Бугантаас гурван километрийн зайд байх “Ферм” гэдэг газарт айлын байшингийн цонхыг нь хагалж ороод хамаг хоол хүнс, гурил будааг нь онгичиж хаясан байна гэсэн. Тэр айл Бугантаас 2-3 километрт л байдаг. Тэгэхээр бараг төвдөө гэсэн үг шүү дээ” гэжээ.