27 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний тэмээний нэг зүйл болох “Camelus knoblochi” Монголд нутаглаж байсан талаарх судалгаа "Frontiers in Earth Science" сэтгүүлд нийтлэгджээ. Уг судалгааны хэсгээс орчуулан хүргэе.
“Аварга том хоёр бөхт тэмээний нэг зүйл болох “Camelus knoblochi” нь Төв Азид амьдарч байсан. Тэгвэл шинэ судалгаагаар “Camelus knoblochi” нь ойролцоогоор 27 мянган жилийн өмнө Монголд амьдарч байсныг тогтоолоо. Судалгаанд дурдсанаар Монголд амьдарч байсан хамгийн сүүлчийн төрөл нь анатомийн хувьд орчин үеийн хүмүүс, магадгүй устаж үгүй болсон Неандерталь эсвэл Денисованчуудтай зэрэгцэн оршиж байсан аж. Харин “knoblochi” устаж үгүй болсон гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэт боловч эртний хүмүүсийн ан агнуур ч нөлөөлсөн байж магадгүй юм. “Camelus knoblochi” нь ойролцоогоор 3 метр өндөртэй, 1 тонн гаруй жинтэй байсан гэж судлаачид таамагладаг.
Антропологийн сургуулийн профессор, доктор Жон В Олсен “Camelus knoblochi” одоогоос 27 мянган жилийн өмнө цаг уурын болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс болж устаж үгүй болох хүртлээ Монголд оршин тогтнож байсныг судалгаа харуулж байна” гэв.
Хачирхалтай нь, Монголын баруун өмнөд хэсэгт нэн ховордсон зэрлэг тэмээ болох “ferus”-ийн сүүлийн хоёр популяцын нэг нь амьдардаг. Харин шинэ судалгаанаас харахад “Camelus knoblochi” зүйл нь “ferus”-тай зэрэгцэн оршиж байсан. Үүнээс энэ хоёр төрөл зүйл хоорондын өрсөлдөөний улмаас “Camelus knoblochi” устсан байж болзошгүй гэх гурав дахь таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байна.
2021 онд Монголын Говь-Алтай аймгийн Төгрөг ширээт гэх газраас “Camelus knoblochi”-ийн хөлийн тавхайн яс зэргийг илрүүлсэн байдаг. Мөн тус газраас эртний чоно, хирс, адуу, зэрлэг илжиг, янгир, аргаль, цагаан зээр зэрэг амьтны ясыг илрүүлжээ. Энэ бүхнийг харгалзан эртний тэмээний зүйл болох “Camelus knoblochi” нь нам дор хээрийн орчинд одоо үеийн төрлөөсөө хуурайшилт багатай орчинд амьдарч байсан гэх таамгийг судалгаанд дурдсан байна.
Эх сурвалж: Frontiersin.org/journals/earth-science