Сар шинийн барилдаанд түрүүлсэн Аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ

Сар шинийн барилдаанд түрүүлсэн Аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ

"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлсэн билээ. 

Сар шинийн барилдаанд Аймгийн заан цолтойгоор түрүүлсэн анхны бөх болоод буй Э.Мөнхжаргал нь 1996 оны тавдугаар сарын 31-нд Архангай аймгий Хотонд суманд төрсөн байна. Түүний аав Уртнасангийн Эрдэнэхүү цэргийн начин цолтой нэгэн юм байна.

Э.Мөнхжаргал нь 2015 онд сумын начин, 2017 онд сумын заан, 2019 онд аймгийн заан цолуудыг тус тус хүртжээ. Аймгийн заан Э.Мөнхжаргал нь Сүлд спорт хороо, Бөх билэгт дэвжээнийх бөгөөд Хатант Интернэшнл ХХК-д харьяалагддаг аж. Тэрбээр 180 см өндөр, 125 кг жинтэй юм байна. 

Түүний хувьд Сар шинийн бөхийн барилдааны нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд тунаж цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд тунаж улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчийг, наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг тус тус даван түрүүлсэн юм. Мөн түүний хувьд оны өмнө зохион байгуулагдсан жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нэмэх 100кг жингийн төрөлд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртжээ.