“Замын-Үүд, Эрээний бүс" байгуулах нь ҮХ зөрчсөн гэх иргэний гомдлыг хүчингүй болгох саналыг С.Амарсайхан Цэцэд гаргаж Д.Одбаяр нар “ёсчилжээ”

“Замын-Үүд, Эрээний бүс" байгуулах нь ҮХ зөрчсөн гэх иргэний гомдлыг хүчингүй болгох саналыг С.Амарсайхан Цэцэд гаргаж Д.Одбаяр нар “ёсчилжээ”

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай “Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай хэлэлцээр хийжээ. Гэвч энэхүү хэлэлцээр нь Үндсэн хууль зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн иргэн Д.Ц үзэж, Цэцэд гомдол гаргасан  байна. Гэвч түүний гомдлыг бус харин сөрөг гомдол гаргасан Шадар сайд С.Амарсайханы гомдлыг Цэц хүлээн авсан нь олны анхаарлыг татаад байна. 

Тус хэлэлцээрт “Хамтын ажиллагааны бүсийн монголын талын хэсэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших Замын-Үүд чөлөөт бүсийн 9 км2 газар нутаг бөгөөд координат нь зүүн талаараа хилийн Замын-Үүд боомт, баруун талаараа Борхойн тал хойд талаараа хилийн зурвас урд талаараа Монгол Улсын хилээс 800 м зайд байрлана” хэмээн заажээ. Харин Хятадын талын хэсэг нь “Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын нутаг дэвсгэрт байрлах 9.03км2 газар нутаг бөгөөд координат нь зүүн талаараа 70 м, баруун талаараа хилийн шалган нэвтрүүлэх байрнаас 600 м зайд хойд талаараа хил хамгаалалтын зориулалтын бүхий тусгай бүсийн өмнөд хэсэгтэй, урд талаараа хил хамгаалалтын зориулалт бүхий тусгай хашаатай байна” гэж заажээ.

Энэ нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.  Тухайлбал,

  • Хоёр улсын дээрх хэлэлцээр нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,
  • Засгийн газар хууль зөрчсөн заалт бүхий “Хэлэлцээр” байгуулсан алдаагаа залруулахаар уг хэлэлцээрийг байгуулсны дараа Чөлөөт бүсийн тухай хуульд “Хамтын ажиллагааны бүс” гэдэг нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг нотлох баримт болж байгаа аж.
  • Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Ц-ийн мэдээлэлд дурдсан асуудал нь ҮХЦ-ийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, 162 дугаар тогтоолыг гаргасан байна.

-МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭЛЭЛЦЭЭР ЦЭЦИЙН ТҮВШИНД ОЧСОН Ч С.АМАРСАЙХАНЫ ТАЛД ШИЙДЭГДЭЖ, ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖЭЭ-

Маргагч тал болох Засгийн газрын итгэмлэгдсэн төлөөлөгч, Шадар сайд С.Амарсайхан ҮХЦ-ийн гишүүний дээрх 162 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, мөн Цэцэд гомдол гаргажээ. Тодруулбал, тэрбээр Цэцийн гишүүн нь дээрх тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлийн хувьд эргэлзээтэй байна. Тиймээс 162 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах саналыг хүргүүлжээ.  

Үндсэн хуулийн цэцийн магадлал

Улмаар дээрх гомдлуудыг Үндсэн хуулийн цэц хянан үзээд

  • “Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь заавал соёрхон батлах олон улсын гэрээнд хамаарч байна. Гэтэл УИХ-аас тус хэлэлцээрийг соёрхон батлаагүй байна. Иймд ҮХЦ-ийн харьяалан шийдвэрлэх Монгол Улсын олон улсын гэрээнд хамаарахгүй байна.
  • ҮХЦ-ийн гишүүн УИХ-аас соёрхон батлаагүй хэлэлцээрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Шадар сайд С.Амарсайханы гомдлын дагуу 162 дугаар тогтоолыг хүчингүй болгож, иргэн Д.Ч-ийн мэдээллийн дагуу үүсгэсэн ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

Үндсэн хуулийн цэцийн магадлал

Нэг үгээр хэлбэл Үндсэн хууль, тэр дундаа “Үндэсний аюулгүй байдал”, “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй байна” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн гэх иргэнийг гомдол буюу “Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ хэлэлцээгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.

Тус хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Цэцийн гишүүн Д.Одбаяр, Ж.Эрдэнэбулган нар оролцсон байна.

Олон нийтийн зүгээс “Үндсэн хуулийн цэц нэгэнт цэцийн гишүүний маргаан үүсгэх тогтоол гарчихаад байхад Шадар сайд С.Амарсайханы талд шийдвэр гаргалаа. Хоёр улсын дээрх хэлэлцээр нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хэрэв тус хэлэлцээрийг УИХ хэлэлцээд соёрхон баталвал эргүүлэн засахад хүндрэлтэй, Шадар сайд С.Амарсайхан энэ бүхийг яагаад үл тоомсорлов” гэгчлэнгээр цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна.  




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө