ДЭМБ-ЫН МЭДЭГДЭЛ: "Омикрон" хувилбарыг нарийвчлан судалж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд гарах болно

ДЭМБ-ЫН МЭДЭГДЭЛ: "Омикрон" хувилбарыг нарийвчлан судалж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд гарах болно

Коронавирусийн шинэ мутацитай холбоотой ДЭМБ мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛД:

"2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ  В.1.1.529 хувилбарыг “Omicron” хэмээн нэрлэж, “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулсан. Уг шийдвэрийг ДЭМБ-ын дэргэдэх Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хорооны удирдамжийн дагуу гаргасан болно. Шинэ мутацийн одоогоор мэдэгдэж буй зүйлсийг хураангуйлан оруулав. 

Омикроны талаархи одоогийн судалгаа: Өмнөд Африк болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа судлаачид Омикрон хувилбарын шинж чанарыг илүү сайн ойлгохын тулд судалгаа хийж байна. Судалгааны үр дүн бэлэн болсон үед үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Дамжуулах чадвар: Омикрон нь Дельта зэрэг бусад хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөр/хүнээс хүнд илүү хурдан халдварладаг/ эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнөд Африкийн бүс нутагт тус хувилбарын тохиолдлын тоо нэмэгдсэн боловч Омикрон эсвэл бусад хувилбараас шалтгаалсан эсэхийг тогтоох эпидемиологийн судалгаа хийгдэж байна.

Өвчний хүндийн зэрэг: Омикрон нь бусад хувилбаруудтай харьцуулахад илүү хүнд өвчин үүсгэдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээс харахад Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдэж байгаа ч Омикроноос шалтгаалсан гэдэг нь нотлогдоогүй.

Илрэх шинж тэмдэг: Одоогоор Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдэг бусад хувилбараас ялгаатай гэдгийг батлах мэдээлэл алга байна. Анх халдвараар хөнгөн өвчилдөг залуу насны бүлэг болох их сургуулийн оюутнуудын дунд тус хувилбар бүртгэгдсэн. Гэвч Омикрон хувилбарын хүндийн түвшинг ойлгоход хэдэн өдрөөс хэдэн долоо хоног шаардагдана. COVID-19-ийн бүх хувилбар, тэр дундаа дэлхий нийтэд давамгайлж буй “Дельта” хувилбар нь хүнд өвчин үүсгэдэг, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг үхэлд хүргэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх нь үргэлж чухал байдаг.

Дахин халдвар авах боломтой эсэх: Урьдчилсан байдлаар Омикроныг бусад санаа зовоосон хувилбаруудтай харьцуулахад дахин халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэш байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь коронавирусийн халдвар авсан хүмүүс Омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Гэхдээ мэдээлэл хязгаарлагдмал байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд гарах болно.

Вакцины үр дүнтэй байдал: ДЭМБ Омикрон хувилбар вакцины эсрэг үзүүлэх нөлөөллийг судлахаар техникийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Вакцин нь хүнд хэлбэрийн өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой хэвээр байгаа. Одоогийн вакцинууд нь хүнд өвчин, үхлийн эсрэг үр дүнтэй хэвээр байна.

Одоогийн шинжилгээнүүдийн үр дүнтэй байдал: Коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээнүүд нь халдвар түүний дотор Омикрон хувилбарыг илрүүлж буйг бид харсан. Харин түргэвчилсэн тест гэх мэх бусад төрлийн шинжилгээнд илэрч байгаа эсэхийг тогтоох судалгаа үргэлжилж байна.

Судалгаанууд: ДЭМБ Омикрон хувилбарыг илүү нарийвчлан судлахын тулд дэлхийн өнцөг булан бүрт судлаачидтай хамтран ажиллаж байна. Одоогоор хийгдэж буй судалгааны үр дүнд халдварын дамжих чадвар, халдварын шинж тэмдгүүд, вакцины нөлөөлөл, шинжилгээ, эмчилгээний үр дүнтэй байдлын үнэлгээ зэрэг тодорхой болох болно.

Улс орнуудад дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна: Омикрон хувилбарыг онцгой анхаарал татах ангилалд оруулсантай холбогдуулан ДЭМБ улс орнуудад хэд хэдэн арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Үүнд:

  • SARS-CoV-2 вирусийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
  • Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг GISAID зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
  • Омикрон хувилбарын анхны тохиолдол эсвэл кластерын талаар мэдээлэх,
  • Омикрон нь өөр өөр халдвар дамжих, өвчний шинж чанартай, эсвэл вакцин, эмчилгээ, оношлогоо, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн арга хэмжээний үр дүнд нөлөөлж буй эсэхийг илүү сайн ойлгохын тулд хээрийн судалгаа, лабораторийн үнэлгээ хийх

Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • Коронавирусийн тархалтыг бууруулахын тулд хүмүүсийн хийж чадах хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол бусдаас дор хаяж 1 метрийн зайтай байх явдал юм,
  • Агааржуулалт муутай хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийх,
  • Өөрт тохирсон амны хаалт зүүх,
  • Гарын эрүүл ахуй сахих,
  • Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
  • Ханиаж найтаахдаа амаа дарах
  • Вакцин хийлгэх"