Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр 2 эгнээ барих ажил 2022 оны аравдугаар сард дуусна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр 2 эгнээ барих ажил 2022 оны аравдугаар сард дуусна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дархан-Улаанбаатар хоорондын автозамын барилгын ажлын талаар хэлэлцжээ. Энэ үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”- ийн зам барилгын ажлын талаар Л.Халтар сайд танилцуулсан байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр хоёр эгнээ авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх ба Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн ажил 5 багц хэсэгт хуваан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны аравдугаар сард байгуулсан.

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажил III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц,  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажил V багц гэсэн зохион байгуулалттай бөгөөд Итали Улсын “Аи Ар Ди Инженеринг” компани болон БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компанийн түншлэл, хамтран оролцогч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг ХХК зөвлөх компаниар ажиллаж байгаа юм байна.

I багцын  гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 42.61 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 62.48 хувьтай байгаа юм байна. II багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 20.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 36.73 хувь, III багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 19.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 34.35 хувь, IV багцын гүйцэтгэгчээр “Шанхай Констракшн” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 17.48 хувь, ажлын гүйцэтгэл 29.64 хувь байгаа гэв. V багцын буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Гежөүба” групп компани ажиллаж байгаа юм байна. Тус багцын барилгын ажлын санхүүжилтийн өртөг 22.81 хувь, ажлын гүйцэтгэл 43.33 хувь байгаа аж. 

Гэрээний дагуу ажлын нийт гүйцэтгэл 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусах төлөвлөлттэй ч яамны зүгээс 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр замын хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс