Ж.Шинэндэнцэл: Төгс бэлтгэгдсэн долоон лам таван сарын турш муу энергитэй газруудаар явж амирлуулах үйл хийлээ

Ж.Шинэндэнцэл: Төгс бэлтгэгдсэн долоон лам таван сарын турш муу энергитэй газруудаар явж амирлуулах үйл хийлээ

Долоон лам 145 хоног Жарзанд яваад өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод ирсэн билээ. Энэ талаар бид  Жанчивдэчинлин хийдийн хамба лам Ж.Жинэндэнцэлтэй ярилцлаа.

-ЖАРЗАНД ЯВАХ ХУГАЦААНДАА УНАА ХӨСӨГ УНАХГҮЙ, АЙЛД ОРОХГҮЙ, ЭМ ТАН УУХГҮЙ, ҮС ХУМСАА АВДАГГҮЙ-

-Долоон лам 145 хоног Жарзанд яваад ирсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Зарим хүмүүс энэ нь ямар зан үйл болохыг сонирхож асуусан нь анзаарагдсан. Жарзанд явах гэж юуг хэлдэг юм бэ?

-Бурхны шашинд таван үндсэн салбар бий. Үүний нэг нь аг тарнийн ёс буюу Монголчуудын хэлж заншсанаар улааны ёс юм. Гол шүтээн нь Ловонбадамжунай бурхан. Тус бурхныг дагалдан тойрсон буман ханд дагинас байдаг. Зуун мянган дагинас бурхдын номын адист Жанлавыг өөртөө цогцлоодог Лүйжин буюу Жод. Лүйжин хийхэд тухайн лам маш олон жилийг унших, үзэж судлах, бясалгах зэрэгт зарцуулан төгс эзэмшсэн байх шаардлагатай. Бүрэн эзэмшсэнийхээ дараа Жарз буюу 108 булаг шанд усны эхэнд очиж бясалгал хийж, Лүйжин уншдаг. Ингэхдээ дөрвөн тунгаар нартайд хоёр, наргүйд хоёр бясалгал хийж хоногийн 24 цагийн 20-ийг нь үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Хээрийн хатуужил, даяан, бясалгалыг цогцлоон бүрдүүлэхийг Жарз гэж байгаа юм.

-145 хоног буюу таван сар унаа хөсөггүй явсан гэж дуулсан юм байна?

-Нийт 145 хоног буюу хавар дөрөвдүгээр сард гарч намар есдүгээр сард орж ирдэг. Энэ хугацаанд айлд орохгүй, унаа хөсөг унахгүй, эм тан уухгүй, үс хумсаа авах зэргээр биедээ мэс хүргэхгүй. Энэ мэтчилэн маш хатуу дэг жаяг, нарийн зохион байгуулалт дор цас зуд, бороо шороог үл ажран таван сарыг туулдаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай. Цаг агаарын хатуу ширүүнийг тэсэж давдаг даа. Ингэхдээ ямар ч саад бэрхшээл тулгарсан унших ном, хийх зан үйлээ орхигдуулдаггүй. 

-Лүйжин тавих гэдэг нь муу юм шүглэсэн газарт түүнийг тонилгохоор ном унших зан үйлийг хэлдэг гэж ойлгож болох уу?

-Тийм. Лүйжин ном нь биет болоод биет бус хүмүүнд хорлол үзүүлж буй болгоныг амирлуулж байдаг. Мөн хүмүүний ажил үйлс, ахуй амьдрал, бодсон санасан, хүссэн зорьсоныг өргөн тэтгэж байдаг бясалгалын зан үйл юм. Лүйжин номыг хамгийн багадаа арав гаруй жил үзэж судалдаг. Ингэснийхээ дараа хатуужил даяан бясалгалд явах эрхтэй болдог. Манай Жанчивдэчинлин хийд байгуулагдаад 15 жил болж байна. Энэ хугацаанд дөрвөн удаа 15 лам Жарз буюу хээрийн хатуужил бясалгалд явсан. Монголын бурхны шашин тэр дундаа аг тарнийн ёсонд манай хийдийн зүгээс оруулж буй томоохон хувь нэмэр гэж хүндэтгэн үзэж байна.

Түрүүн дурдсанчлан биет болоод биет бус хүмүүнд хорлол үзүүлж буй болгоныг амирлуулдаг нь Лүйжин ном. Хүмүүсийн хийсэн алдаанаас үүдэж газрын эзэд догширсон, муу энерги хуралдсан газруудад дандаа муу зүйл болж байдаг. Тухайлбал Богд Уулын Сүүл бургас гэх газарт өөрийгөө боомилох тохиолдол маш их гардаг. 

-АРХАНГАЙ АЙМГААС ГАРЧ УЛААНБААТАР ХОТОД ИРЭХ ХҮРТЛЭЭ 30 КГ АЧАА ҮҮРЧ, ӨДӨРТ 50 КМ ЗАМ ТУУЛСАН-

-Маршрутыг хувьд ямар газруудаар яваад ирэв ээ. Хаагуур явахаа урьдчилж нарийн төлөвлөдөг үү, эсвэл нөхцөл байдлаас шалтгаалж хаашаа явах нь өөрчлөгдөж байдаг уу?

-108 булаг шандаар явдаг нь их нарийн учиртай. Догширсон газар лусыг номхтгож, амирлуулдаг. Сая бид Архангай аймгийн төвөөс Улаанбаатар хот гэсэн маршруттайгаар яваад ирлээ. Хамгийн сүүлд Улаанбаатарт Нарангийн энгэрийн оршуулгын газарт долоо хоносон. Хонох буудаллах газар битгий хэл алхах газраа хүртэл нарийн төлөвлөдөг юм. Гэрийн долоо хоногт гэрт бясалгах, хээрийн долоо хоногт хээр бясалгах, 54 хоногт тасралтгүй нүүдэллэх, дунд долоо хоногт дахин бясалгах, дахиад 54 хоног тасралтгүй нүүдэллэх, хамгийн сүүлд үхээрийн газарт долоо хонох, тэндээсээ шууд хийд рүү ирэх гэсэн дэгээр явна. Хийдэд ирэх хүртлээ хүнтэй дуугарахгүй, эргэж харахгүй.   

-Долоон лам явдаг нь цаанаа нарийн утга учиртай юу. Энэ жил ямар лам нар багтаж явсан тухай танилцуулаач?

-Энэ жил төгс бэлтгэгдсэн нь долоон лам байсан. Урьд нь гурав, дөрвүүлээ явсан тохиолдол бий. Ганцаараа ч явж болдог. Хэн бэлтгэгдсэн байна тэр лам явах эрхтэй. Жарзанд явах лам нар 30 гаруй кг ачаа үүрээд өдөрт 30-40 км замыг алхаж туулдаг. Ийнхүү явахдаа эрдэм номдоо шамдаж, бягалгал бүтээлээ хийж 145 хоногоо дуусгаад ирж байгаад нь багш хүний хувьд туйлын их баяртай байна. Жанчивдэчинлин хийдийн хамба лам миний бие болон Ловон лам Тэгшээ, Унзад лам Даваацэрэн, Гэсгүй лам Гал-Эрдэнэ, Голч лам Дамдинбаатар, Цогт-Эрдэнэ, Баттогтох, Шаравдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр яваад ирлээ. 

-Та “энэ жил төгс бэлтгэгдсэн долоон лам байсан учир явсан” хэмээн ярьсан. Ямар тохиолдолд төгс бэлтгэгдлээ гэж үздэг юм бэ. Жарзанд яваад ирсний дараа лам нарын зэрэг дэв дээшилдэг үү?

-Бурхны шашин тэр дундаа хийд бүрд лам нар Хамба, Унзад, Гэсгүй гэх мэт тодорхой зэрэг дэвтэй. Мөн тухайн лам хэр их чадалтай, хичнээн олон хүнд тус болж байна вэ гэдэг үйлсээр нь хүмүүс дүн тавьдаг. Тэгэхээр жарзанд яваад ирснээрээ олон түмэндээ хэрэгтэй лам хуварга болж байна гэсэн үг юм. Хичнээн том зэрэг дэвтэй байгаад номын чадал хүчийг олоогүй байх юм бол хэцүү л дээ. Харин 10 жилийн турш Лүйжин номыг бүрэн эзэмшсэн, мөн бясалгал төвлөрлийг бүрэн эзэмшсэн, сэтгэл болоод биеийн хувьд чадвар суусан хүнийг төгс бэлтгэгдсэн лам гэж үзнэ. Оюун бодол, ухаан санаагаа нэг л зүйлд төвлөрүүлж чадсаныхаа дараагаар Жарзанд явдаг. Өнөөдөр 30 кг ачаа үүрээд халуун наранд, бороо усанд, цас шуурганд 50 км зам туулах хүн хэр олон байгаа вэ.

-ХАМГИЙН СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГ ОРШУУЛГЫН ГАЗАР БУУДАЛЛАЖ, ӨӨРИЙН БИЕД ЦУГЛУУЛЖ ИРСЭН МУУ МУУХАЙГ ТЭНД АМИРЛУУЛДАГ-

-Зөвхөн танай хийдийн лам нар Жарзанд явдаг уу. Хийд бүрээс сонгогдох ёстой юу?

-Хэн бэлтгэгдсэн байна, тэр хүн л явна. Бэлтгэгдээгүй хүнийг хүчээр явуулдаггүй. Гарын таван хуруунд багтахаар тодорхой цөөхөн хийд л хуучны ёс заншил, номын уламжлалыг хадгалж байна. Түүний нэг нь манай Жанчивдэчинлин хийд юм.

-Та бүхний очсон газруудаас хамгийн хүнд хэцүү, муу энергитэй нь ямар газар байв?

-Бидний очсон бүх газар муу энергитэй. Хүн төрөлхтөн зориудаар болон өөрийн мэдэлгүйгээр уул ус, газрын эзэд, лус савдгийг уурлуулж байдаг. Тэр бүхнийг амирлуулж байгаад ирлээ дээ. Ингэснээрээ лам нар маш их хүч чадлыг өөртөө хуримтлуулдаг. Чадал хүчийг олсноороо цаашид олон түмэнд буян хийх үүдийг нээж байгаа юм. 

-Таван сарын хугацаанд бишгүй л олон зүйл тохиолдсон байх. Түүнээсээ сонирхуулж дурдвал?

-Тэгэлгүй яах вэ. Зөндөө л олон зүйл тохионо. Энэ талаар яривал бусадтай адил “Би” гэх үзэл цухалзах учир ярилгүй орхиё доо.

-Хамгийн сүүлийн долоо хоногоо Нарангийн энгэрийн оршуулгын газарт өнгөрүүлсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Тэнд төрлөө олсон, олоогүй маш олон сүнс, хий биетнүүд бий. Тэдгээрийн замыг шулуудуулж, төрлийг нь олуулж буй юм. 108 хоногийн турш хээрээр явахдаа болох, болохгүй зүйлийг өөрсдийнхөө биед цуглуулж ирдэг. Тэр бүхнийг оршуулгын газарт авч ирж амирлуулж буй юм.

-УЛААНБААТАР ХОТОД БАЙНГА ОСОЛ АВААР ГАРДАГ 22 ЦЭГ БИЙ-

-Өмнө нь нийслэлд осол аваар болдог цэгүүдэд ном уншиж байсан тухайгаа сонирхуулан дурдвал?  

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Замын цагдаагийн газар нь НҮБ-тай хамтран “Осол аваарын судалгаа” гаргасан байсан. Тухайн судалгаанаас “Хар цэгийн судалгаа нь” бидний анхаарлыг хамгийн их татсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод осол аваар байнга гардаг 22 хар цэг бий. Үүний үндсэн дээр Жанчивдэчинлин хийд нь Замын цагдаагийн газар, ТВ9 телевизтэй хамтран тухайн газруудад Лүйжин ном унших үйлийг хийсэн. Аваар ослын тоог 30-70 хувиар бууруулсан үр дүнтэй томоохон ажил болсон. 33 цуврал нэвтрүүлэг болсон байдаг юм.  

-Цаг зав гарган ярилцсан баярлалаа.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө