Г.Дамдинням: Иргэд банкаа  дүүргээд байгаа учир Улаанбаатарт 2000 тонныг нийлүүлээд ч ховх сорогдоод байна

Г.Дамдинням: Иргэд банкаа дүүргээд байгаа учир Улаанбаатарт 2000 тонныг нийлүүлээд ч ховх сорогдоод байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.22/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түлш, шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тэмдэглэл гаргуулж байна. Бидний хувьд зохиомол хомстолтой нүүр тулаад байна. Ердийн үед Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд ч дугаарлалт буурахгүй байна. ОХУ нь бидний нийт хэрэглээний 92 хувийг дангаараа хангадаг. Тус улсын 22 шатахууны үйлдвэр дайны цохилтод өртөж, эвдэрч хэмхрээд байна. Энэ нь тус улсын нийт хүчин чадлын 30-40 хувийг эзлэдэг гэх мэдээлэл байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газраас  АИ 92 шатахуун дээр хязгаарлалт тавьсан. Гэхдээ уг хязгаарлалтад Монгол Улс багтахгүй. Учир нь бид Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Бас хямд нөхцлөөр шатахуун авах гэрээтэй байдаг. Тиймээс бид энэ сард 58 мянган тонн АИ 92 шатахууны зөвхөн Роснефть компаниас, үлдсэнийг нь Газформ болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцэл хийгээд явж байна. Бидний гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэр нь төлөвлөгөөт засвараа саяхан хийгээд  энэ сарын 15-нд дуусгасан. Тиймээс бидэнд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ багассан. Энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байгаа. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдсон.

Тээвэрлэлт, нийлүүлэлтийг гэрээний дагуу биелүүлж өгөөч гэх асуудлыг бид тавьж байгаа. АИ 92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа.  Олон нийтэд уриалахад банкаа бүтэн дүүргэх гэж сандарч тэвдэлгүй авдаг хэмжээндээ аваачээ. Хэрэглээ хоёр дахин өссөн учир Улаанбаатарт 2000 тонныг нийлүүлээд ч ховх сорогдоод байна.  

Тиймээс Улаанбаатарт хязгаарлалт хийнэ. Иргэд тайван байвал хэвийн хэмжээндээ шилжинэ. БНХАУ-аас сардаа 3500 тонн евро-5 стандартын шатахууныг авдаг. Энэ сард бид 7000 тонныг захиалсан. Гэвч энэ удаагийн шокноос болж бас л хүрэлцэхгүй байна" гэлээ. 

ВИДЕО: