Японы тэргүүлэх судлаач М.Масаюки: Хүн төрөлхтөн цар тахлыг ХОЁРООС ГУРВАН жилийн дараа хяналтад авч чадна

Японы тэргүүлэх судлаач М.Масаюки: Хүн төрөлхтөн цар тахлыг ХОЁРООС ГУРВАН жилийн дараа хяналтад авч чадна

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарыг “туйлдуулж” буй. Цар тахлын эхэнд үед хүн төрөлхтөн вакцин л гарчихвал бүх зүйл эргээд хэвийн болох мэт санаж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам вирус мутацилагдаж, шинэ “сорилт” бидний өмнө тулгарч байна.

Тэгвэл Японы тэргүүлэх дархлаа судлаач Миясака Масаюки цар тахлын үед улс орнууд юуг анхаарах, "бүүстер" тунг хийлгэх шаардлагатай эсэх, мөн хүн төрөлхтөн хэзээ халдварыг хяналтад авч чадах талаар ярилцлага өгчээ.

-БИДНИЙ ХЭВИЙН АМЬДРАЛДАА ОРОХ ЭСЭХ НЬ ВАКЦИНЖУУЛАЛТААС ХАМААРНА-

-Дельта хувилбарын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг мутацийн онцлог шинж чанар юу вэ?

-Дельта вирус коронавирусийн өмнөх хувилбаруудаас 1.8-2 дахин их халдвартай юм. Өмнөх вирусийн хувьд нэг вирус эсэд нэвтэрч 10 цагийн дотор 1000 шинэ вирус үүсгэх чадвартай байв. Тэгвэл Дельта хувилбарын вирус нэг цагийн дотор 2000 ширхэг хуулбар үүсгэж чадна. Өөрөөр хэлбэл, COVID-19 анхны хувилбар 20 цагийн дотор 1 сая вирус үүсгэх чадалтай байсан бол Дельта хувилбар нь 4 сая хүртэлх вирүс үүсгэж чадна. 2000 вирусийг эсэргүүцэх нь 1000 вирусийг эсэргүүцэхээс хамаагүй хэцүү. Түүнчлэн Дельта хувилбар дархлааны системд нэвтэрч, хүнд өвчлөлийг үүсгэх чадалтай.

-Тэгвэл илүү аюултай гэсэн үг үү?

-Халдвар өмнө нь аюулгүй гэгдэж байсан насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд тархаж байна. Хүүхдүүд багаасаа маш олон вакцин хийлгэдэг учраас дархлааны систем маш хүчтэй байх ёстой. Гэвч Дельта хувилбар Их Британийн сургуулиудын насны хүүхдүүдэд тархаж байна. Вакцин хийлгэсэн хүн амын тоо нэмэгдэж байхад халдварын тархалт эрчимжиж буй шалтгаан нь вакцин үйлчлэхгүй байгаагаас биш, вакцин хийлгээгүй хүн амын дунд халдварын түвшин нэмэгдэж байгаатай холбоотой юм.

-Одоо бидний хэрэглэж буй вакцинууд коронавирусийн шинэ хувилбаруудад үйлчлэх үү?

-Израиль болон бусад орноос авсан өгөгдлөөс вакцинууд нь зөвхөн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх биш, өвчнийг эхэн үед нь дарах, илүү хүнд өвдөхөөс урьдчилан сэргийлж буйг харж болно. Өөрөөр хэлбэл, халдвараас урьдчилан сэргийлэх, өвчнийг эхэн үед дарах, хүнд өвчлөхөөс сэргийлэх гэсэн гурван том ач холбогдолтой.  Вакцин бүрэн дархлаа тогтооход дор хаяж нэг сар шаардлагатай.

-Цар тахлын улмаас онцгой байдал зарлаж,  хүмүүсийг гадагш гаргахгүй байх арга хэмжээнүүд авч байна. Гэвч энэ нь үр дүнтэй юу?

-Олон хүнийг вакцинд хамруулах тусам нийгмийн төрөл бүрийн хязгаарлалтууд шаардлагагүй болно. Хэрэв та жилийн төгсгөлд үдэшлэг хийхийг хүсэж байвал вакцины хоёр тунгаа заавал хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Эдийн засгийг “дарангуйлж” буй эдгээр хязгаарлалтыг сулруулах гол арга зам бол вакцин. Бидний хэвийн амьдралдаа эргэн орох эсэх нь вакцинжуулалтын явцаас хамаарна. Хэрэв бид Их Британийг дуурайж, маскаа тайлж, баяр тэмдэглэн, томоохон шоу хийвэл хэсэг хугацааны дараа хуучин байдалдаа орно. Тухайн улсын хэмжээнд халдварын тоо хэчнээн бага байсан ч хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Дэлхий нийтээрээ тахал өвчнийг дарахгүй л бол хэзээ ч хэвийн амьдралдаа буцаж орохгүй.

-НЭГ ХҮН КОРОНАВИРУСИЙН ОЛОН ХУВИЛБАРААР ӨВДӨХ МАГАДЛАЛ МАШ БАГА-

-Бүрэн тунгийн вакцинжуулалт хэр удаан үргэлжлэх вэ?

-Одоогийн тооцоогоор дэлхийн дахинд вакцинжуулалт хоёроос гурван жил үргэлжилнэ гэж харж байна.

-Pfizer гурав дахь тунгийн талаар ярьж эхэллээ. Гурав дахь үр дүнтэй байж чадах уу?

-“Pfizer”-ийн гол үндэслэл бол вакцины үр дүнд үүссэн эсрэг биетүүд гурав дахь тунгийн нөлөөллөөр өмнөхөөсөө таваас арав дахин нэмэгдэх болно. Ингэснээр шинээр гарч буй мутациудыг хоёр тунгаас илүү эсэргүүцэх чадвартай болно гэж үзэж байгаа юм. Хэдийгээр энэ нь муу биш боловч гаж нөлөө нэмэгдэнэ гэж харж байна. Вирусийн эсрэг тэмцэхийн тулд эсрэг биетийг нэмэгдүүлэх нь цорын ганц арга биш.

-Тэгэхээр бид жил бүр вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Хэрэв вакцинжуулалт ойрын нэгээс хоёр жилд үргэлжилбэл бид гурав дахь жилд “бүүстер” тун хийлгэх ёстой. Цаашид таван жил тутамд хийлгэвэл дархлаа сайн тогтоно гэж бид харж байна.

-Дэлхийн өнцөг булан бүрт янз янзын мутациуд гарч байна. Мутациуд хоорондоо дахин мутацилагдах, хоорондоо холилдох эрсдэл бий юу?  

-Тийм байх магадлал маш бага. Коронавирус томуугийн вирусээс ялгаатай бөгөөд хувилбарууд нь хоорондоо огт холилддоггүй. Томуугийн хувьд гахайн томуу мутацид ороод шувуунд дамжих үед гахайн вирус, шувууны вирус эрлийзжиж, асар том мутаци үүсгэнэ. Харин шинэ коронавирусийн хувьд эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл, коронавирусийн 10 мянга гаруй хувилбар шинээр гарч ирсэн ч хоорондоо генетикийн хувьд холилдохгүй. Харин одоо улс орнуудад тархаад буй мутациуд нь вирусийн өвөрмөц омог юм. Тэгэхээр нэг хүн олон хувилбараар халдварлах магадлал маш бага гэсэн үг. Миний мэдэхээр ганц хүн олон хувилбараар өвчилсөн тохиолдол бараг байхгүй.

-Байгаль орчныг сүйтгэх нь тахлын эх үүсвэр гэж зарим хүн хэлдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Тийм ээ. Цар тахлын хамгийн том эх сурвалж бол байгаль орчныг  сүйтгэж, ой модыг устгах явдал юм. Тухайлбал, ДОХ бол сармагчнаас хүн рүү “үсэрч” мутацид орсон нэг жишээ юм. Эбола тэргүүтэй Африкт тохиолддог халдварт өвчнүүд бүгд ой модыг устгасны үр дүнд үүссэн.

-Халдвар тархах гол нөхцөл нь хүн амын нягтралтай холбоотой юу?

-Тийм. Дэлхийн дулаарал ч халдвар тархах явцыг “хөнгөвчилсөн”. Гэхдээ хүмүүсийн ойлгох ёстой нэг зүйл бол нян халуун чийглэх орчинд тархдаг ч зөвхөн эсийг дотор үрждэг. Дэлхийн дулаарал нь бактерийн өвчин шиг вируст халдваруудад нөлөөлөхгүй.

-Дараагийн вирус, хаана, хэрхэн гарна гэж таамаглаж байна?

-Ковид-19 халдвар гарахаас хоёр жилийн өмнө АНУ-ын судлаач тахал өвчин зайлшгүй байх болно гэж таамаглаж байсан. Урьдчилан таамаглахад энэ нь халдвар ихтэй, хоруу чанар багатай, хувьсах чадвар өндөр байдаг тул РНХ -ийн вирусээр үүсгэгдэх болно гэж байв. Вирус мутацид орохын хэрээр халдвар цааш тархдаг. Хүн төрөлхтөн энэ тахал өвчнийг хоёр, гурван жилийн дотор хяналтад авч чадна.  Гэвч дараагийн халдварт өвчний үүсгэгч нь мөн л RNA төрлийн вирус байх болов уу.

Эх сурвалж: Nippon