Ц.Анандбазарын “Сод Монгол” групп Хөгжлийн банкнаас 43 САЯ АМ.ДОЛЛАРЫН зээл авсан ч “зориулалтын бусаар” ашиглажээ

Ц.Анандбазарын “Сод Монгол” групп Хөгжлийн банкнаас 43 САЯ АМ.ДОЛЛАРЫН зээл авсан ч “зориулалтын бусаар” ашиглажээ

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Монгол Улс анх удаа автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болох гэрээг "Сод Монгол” групп байгууллаа.

Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байна” гэх мэдээ “шуурч” байв. Уг төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Анандбазарын “Сод Монгол” групп 43 сая ам.долларын зээлийг жилийн 6,5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар Хөгжлийн банкнаас авч байж.

Гэвч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Уг зээлтэй холбоотой баримтуудыг хүргэе.

  • НЭГ. "Зээлийг зориулалтын бус зүйл ашигласан" гэж дүгнэв. Тодруулбал, “Сод Монгол” группд 43 сая ам.долларын зээлийг 2017 оны наймдугаар сарын 24, мөн оны арванэгдүгээр сарын 17-нд хоёр удаа хэсэгчилсэн байдлаар олгосон байна. Гэвч 2019 оны “Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайлан”-д дурдсанаар “Зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэсэн хоёр заалтын хэрэгжилт хангалгүй” гэжээ. 

Энэ нь “Зээлийн гэрээний зориулалт: Тос тосолгооны материалын үйлдвэрийн төсөл. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэсэн заалт аж. Өөрөөр хэлбэл 43 сая ам.долларыг “зориулалтын бус зүйлд ашигласан” хэмээн дүгнэсэн байна.

  • ХОЁР. Зээлийн материал бүрдүүлэх явцад “Газрын тосны үйлдвэрлэл эрхлэхэд зайлшгүй авах тусгай зөвшөөрлийг аваагүй байв. Уг зээлийг авахын тулд үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан байх ёстой.

Гэвч "Сод Монгол" тухайн үед Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхэд зайлшгүй шаардлагатай зөвшөөрлийг аваагүй байсан аж.

  • ГУРАВ. Зээл олгосны дараах санхүүгийн тайлангаа өгөөгүй. Зээлийн гэрээний 8.2.2-т “Зээлийн зарцуулалтын тооцоог нотлох баримт, холбогдох бусад материалын хамт гаргаж, улирал тутам Банканд тайлагнах” гэж заасан боловч шалгах өдрийн байдлаар дээрх баримтуудыг бүрэн ирүүлээгүй аж.
  • ДӨРӨВ. Зээлийн хорооны хурлын 2017/49 тоот дүгнэлтэд заасан нөхцөл хэрэгжээгүй. 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр баталсан уг дүгнэлтээр “Зээлийн хөрөнгийг гэрээ, нэхэмжлэл зэрэг шаардлагатай баримтуудад үндэслэн зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу шилжүүлэх” нөхцөлийг гэрээнд тусгасан байна.

Гэвч уг биелэлт хэрэгжсэнгүй. Зээлийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлээгүй, зээлдэгчийн Голомт банкны харилцах дансанд шилжүүлсэн нь мөн шалгалтаар тогтоогдсон байна.

  • ТАВ. Зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл удаашралтай гэж дүгнэв. Хамгийн ноцтой нь Хөгжлийн банкнаас зээлийн хэрэгжилтэд хяналт хийхэд “Төсөл удаашралтай. Үйлдвэрийн барилга баригдаж эхлээгүй. Тоног төхөөрөмжийн захиалга хийгдээгүй” байсан аж. Өөрөөр хэлбэл, зээлийг зориулалтын дагуу авсан гэх баримт байхгүй, мөн төсөл одоог хүртэл бодитой хэрэгжээгүй байгаа юм. 

Баримт

Баримт




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө