Долдугаар сарын 4-нд /2021-07-04/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Сүмийн булан гэх газар тус хоёр иргэн Экстрайл загварын суудлын автомашинтайгаа сураггүй алга болсон.
-АРВУУЛАА ЗУГААЛАХААР ЯВСАН ИРГЭДИЙН ХОЁР НЬ АВТОМАШИНТАЙГАА ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ-
Хэрэг явдлыг тодруулбал тэд тус аймгийн харьяат Д /58, эрэгтэй /Н 50 настай, эмэгтэй/ байжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр долдугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэгт 10 иргэн зугаалахаар явсан бөгөөд тэдний хоёр нь машинтайгаа сураггүй алга болсон нь энэ юм. Улмаар цуг явсан найз нөхөд нь усанд осолдсон байж болзошгүй дуудлагыг тав хоногийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 9-нд Цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид осолдсон гэх газар 17:40 минутанд очсон байдаг. Эрэн хайх ажиллагааны үр дүнд осолдсон газраас хойд зүгт нэг км орчим газраас иргэн Д-гын цогцсыг олжээ.
-ИРГЭН ''Н'' БОЛОН ЭКСТРАЙЛ ЗАГВАРЫН АВТОМАШИН ОЛДООГҮЙ-
Харин түүний эхнэр болох иргэн Н-ын цогцсыг одоо хүртэл олоогүй байгаа аж. Түүнийг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, ар гэрийн хүмүүс гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 07.09-ний өдрөөс 07.18-ны өдрийг дуустал 10 хоногийн хугацаанд эрэн хайсан юм. Анх алга болсон гэх “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” хүртэл дөрвөн завиар 25 км-т 2 удаа, нийт 100 км-т эрэн хайх нэг баг нь ажилласан юм. Харин хоёрдугаар бүлэг нь “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” хүртэл нийт 32 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрсэнгүй. Иймээс түүнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж долдугаар сарын 19-нд зогсоожээ.
-ЭНЭ ЗУН СЭЛЭНГЭ МӨРӨН ҮЕРЛЭСНЭЭС ГАДНА ТУС ГОЛ МОНГОЛДОО ХАМГИЙН УРТАД ОРДОГ-
Баяр наадмын амралтын өдрүүдээр усанд осолдсон дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байв. Тэдний ихэнх нь явганаар, сэлж байгаа, морьтой гатлах гэж байгаад осолдсон. Харин дээрх ослын хохирогчид автомашинтайгаа осолдож, нэг иргэн нь одоог хүртэл 18 хоногийн турш сураггүй алга болсон хэвээр байна. Эрэн хайх ажиллагааны эхний өдөр түүний нөхөр иргэн Д-ын цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч Н-ыг автомашинтай нь цуг олж чадсангүй. Сэлэнгэ мөрөн бол Монгол орны гол мөрний үндсэн усан сүлжээ юм. Том жижиг гол мөрөн, цутгалуудыг нийлүүлж тооцох юм бол нийтдээ 20 мянган км урт хүрнэ. Мөн энэ зун Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас 52-66 см нэмүү байгаа юм. Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц учир нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг аж. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.