Унаач хүү Б.Бадар-Ууган: Улсын баяр наадамд азарга, соёолон унаж түрүүлсний дараа "тариа хийлгэж жижиг биетэй болсон" гэх яриа гарсан нь санаа зовмоор байсан

Унаач хүү Б.Бадар-Ууган: Улсын баяр наадамд азарга, соёолон унаж түрүүлсний дараа "тариа хийлгэж жижиг биетэй болсон" гэх яриа гарсан нь санаа зовмоор байсан

Монголчууд бид Үндэсний их баяр наадмаараа дэлгэр сайхан наадаж, одоо ч газар газрын наадмууд үргэлжилсээр байгаа билээ. Харин бид энэ удаагийн ярилцлагандаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат унаач хүү Батхүүгийн Бадар-Ууганыг урьж, 1600 км-ийн алсад орших гэртээ очсоных нь дараа онлайнаар ярилцлаа. Түүний хувьд өнөө жилийн улсын наадамд азарга, соёолон түрүүлгэж, шүдлэн аман хүзүүдүүлсэн бахдам амжилтыг гаргаад байгаа билээ. 

ВИДЕО: 

- Сайхан наадсан уу. Нутагтаа сайн явж очсон уу?

-Сайхан наадлаа. Нутагтаа өчигдөр ирсэн. Замдаа сайн явж ирлээ.

-Юуны өмнө манай уншигчдад аав, ээжийгээ танилцуулаач.

-Аав ээж хоёр маань малчин хүмүүс байдаг юм. Аавыг Батхүү, ээжийг Алтанцэцэг гэдэг. Манайх бог мал голлон малладаг.

-Аав нь морь уядаг уу?

-Үгүй ээ. 

-Төрийн наадамд ийм сайхан амжилт гаргахад аав, ээж нь юу гэж байна. Хүүгээрээ бахархсан гэж байна уу? 

-"Мундаг байсан шүү. Цаашдаа олон айраг, түрүү аваарай. Миний хүү илүү сайн хичээгээрэй" гэж хэлсэн.

-Бадар-Ууган Буянт сумынхаа сургуульд сурдаг уу. Одоо хэддүгээр ангид орох вэ?

-Тийм ээ. Энэ жил наймдугаар ангид орно.

 

- ӨМНӨ НЬ ГУРВАН УДАА УЛСЫН НААДАМД МОРЬ УНАЖ БАЙСАН. ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ НЬ ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ БАЙЛАА - 

-Одоо хоёулаа морины талаар ярилцах уу. Миний дүү анх хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?

-Долоон настайдаа анх хонины морь унаж сурсан. Хамаатны ах маань морь унахыг зааж өгсөн юм. 

-Хурдны морь хэдэн настайгаасаа унаж эхэлсэн бэ. Анх ямар наадамд уралдаж байв? 

- Хурдны морийг би 10 настайгаасаа унаж эхэлсэн. Анхны уралдаан маань хаврын бүсийн наадам байсан. Тэр үед хурдны морь унах их гоё санагдаж байсан. 

-Тэгвэл Улсын баяр наадамдаа хэд дэх жилдээ уралдаж байна вэ?

-Энэ жил дөрөв дэх жилдээ уралдаж байна. Энэ жил азарга, соёолон түрүүлгэж, шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан амжилт гаргалаа. 

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд түрүүлэн барианд орж буй унаач хүү Б.Бадар-Ууган

-Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?

-Өмнө нь улсын наадамд томоохон амжилт гаргаж байгаагүй. Айргийн архнаар л ордог байсан юм. Харин бүсийн уралдаануудад нэлээд сайн давхиж, айрагдаж байсан.

-Хурдны морь унахад хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Бороо орох хамгийн хэцүү. Хувцас нороод хүнд болчихдог. Зам шалбаагтай болохоор шавар нүүр, хувцас руу цацагдаад байдаг нь бас их хэцүү байдаг юм.

-Тийм үед хамгаалалтын хувцсаа солиод өмсөх боломж байдаг уу?

- Солиод өмсөх боломж байгаа, байгаа. Нэг хүүхэд нэг хоёр гурван хувцас өмсчихнө өө

- Тэгвэл хоёулаа чиний хамгийн дурсамжтай наадмын талаар ярилцъя. 

- Хамгийн дурсамжтай наадам минь энэ жилийн улсын их баяр наадам боллоо доо. 

- Хурдны морь унаад явж байхад замд юу болдог юм бэ. Сонирхолтой зүйлс болдог уу, хэцүү байдаг уу. Энэ талаар яривал. 

- Хэцүү бишээ. Унаачид хоорондоо "чиний морь чинь одоо үзүүр дээрээ суух болов уу гээд хоорондоо явж байхдаа ярилцана шд. Одоо чи барьж яваарай, үзүүр дээрээ суучих вий дээ. Тархины хэдтэй битгий их алалцуулаарай" гээд л их юм ярьдаг аа.

- Бадар-Ууганы найзууд ер нь ямар хүмүүс байдаг вэ. Дандаа уралдаанч хүүхдүүд байдаг уу?

-Ганц хоёр нь л уралдааны морь унадаг. Одоо бол зарим нь нас хасагдсан байх аа. 

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Том уяач болохыг хүсдэг.

-Дахиад хэдэн жил морь унах бодолтой байна?

-Ойролцоогоор хоёр жил дахиад унана гэж бодож байгаа.

-Энэ жилийн наадамд унасан морьдоос хамгийн дотно нь аль вэ?

-Шарга азарга. Манай уяач ах тавдугаар сараас эхлээд надад унуулж эхэлсэн. Их номхон адуу. Би шууд очоод л бариад авчихдаг.

-Улсын наадамд хоёр насны морь унаж түрүүлгээд, олон хэвлэлд ярилцлага өгсөн. Сошиал орчинд насны талаар янз бүрээр бичсэн. Тэр үед ямар санагдсан бэ?

-Эвгүй санагдсан. Санаа зовмоор байсан.  Гэхдээ ямар нэг асуудал байхгүй.

- Ярилцлагын төгсгөлд хэн нэгэнд хандаж хэлэх үг бий юу? 

-Аав, ээж, хамаатан садан, ангийн хамт олон, багш нар болон "Бага уулын унага" галынхандаа маш их баярлалаа гэж хэлье.

- Баярлалаа. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө