Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2026 оны долдугаар сарын 5-нд эх орондоо ирснээ олон нийтэд зарласан. Ц.Элбэгдоржийг ҮАБЗ-ийн гишүүдийн урилгаар эх орондоо ирсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Түүний энэ эх орондоо ирсэн нь улс төрийн хүрээнд төдийгүй цахим орчинд нэлээд анхаарал татсан үйл явдал болов. Ердөө хэдхэн хоногийн дотор түүнийг тойрсон дэмжсэн, эсэргүүцсэн байр суурь болон улс төрийн тайлбарууд цахим орчинд өрнөж эхэллээ.
"Ц.ЭЛБЭГДОРЖ ЭХ ОРОНДОО ИРЭХЭД УЛС ТӨРЧИД ХӨДӨЛЖ ЭХЛЭВ"
Тодруулбал, түүнийг ирсний маргааш буюу 2026 оны долдугаар сарын 6-нд төв талбайд ахмадууд “Элбэгдоржийг хөөж явуул” гэх агуулгатай жагсаал зохион байгууллаа. Харин иргэд төв талбайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Ц.Элбэгдорж тухайн үед чухал үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг эсэргүүцэж буй иргэд хүртэл ардчилсан тогтолцооны олгосон эрхээр өөрийн байр сууриа илэрхийлж байна.
Харин улс төрийн хүрээнд Ц.Элбэгдоржийн ирэлтэд хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байв. Тэрбээр 2026 оны долдугаар сарын 6-нд цахим хуудсаараа дамжуулан “Үндэсний баялгийг тонон дээрэмдсэн МАНАН дэглэм нэгхэн жил дотор эргэн сэргэж, эрчээ авчээ. Тэмцэх бүү хэл дуугардаг ч хүн байхгүй болж. Болж ч гэж өмнө нь ч угаасаа ийм л байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Мөн Хотын дарга асан Х.Нямбаатар тэр өдөр “Эбэ бас уригдаж иржээ. Мань хөөгдөж, МАНАН уригдаж, шагнагддаг өдөр хардаг би ч мөн азгүй юмаадаа” хэмээн өөрийн цахим хуудсанд бичсэн юм.
Үүний зэрэгцээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн байр суурьтай ойр гэж яригддаг МАН-ын цөөнхийн бүлгийн зарим гишүүд Жефри Эпштейний асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол 2026.10.07-нд зохион байгуулах тухай мэдээллийг мөн энэ өдөр гаргасан байна. Элч.мн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Магадгүй Ц.Элбэгдорж бусдад барьцаалагдаж эх орон, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргасан юм биш биз” хэмээн мэдэгдсэн байна.
ВИДЕО:
"Ц.ЭЛБЭГДОРЖ УЛС ТӨРИЙН МАРГААНД ШУУД ОРОЛЦОХ БУС ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ"
Ийнхүү Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн өдрүүдэд улс төрийн хүрээнд түүнтэй холбоотой олон асуудал дахин сөхөгдөж, түүнийг тойрсон маргаан идэвхжив. Гэвч анхаарал татсан нэг зүйл нь Ц.Элбэгдорж өөрөө энэ бүх улс төрийн маргаанд шууд оролцсонгүй. Тэрээр эдгээр дайралтад хариу барихаас илүү олон нийтийн арга хэмжээнд оролцох байр суурийг сонгосон. Тухайлбал, Төрийн далбааны өдрийн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал, Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцов.
ВИДЕО:
Гэхдээ энэ удаа Ц.Элбэгдорж өөртэй нь холбоотой олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн маргаанд энэ удаа богино тайлбар өгсөн. Тэрбээр NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд суралцахаар явсан, хоёр жил гаруйн дараа эх орондоо эргэн ирсэн. Надтай холбоотой янз бүрийн яриа гарсан. Үндэслэлтэй нь бага шүү дээ. Намайг 7 жил шалгаад ‘Ямар ч зүйл тогтоогдсонгүй’ гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд л хэрэгтэй байсан юм болов уу даа гэж би боддог” хэмээн ярьжээ.
"Ц.ЭЛБЭГДОРЖ АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖИЙН СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН БОДЛОГО СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХҮНДЭТ ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН"
Тэгвэл нөгөө талаас улс төр судлаачдын зүгээс Ц.Элбэгдоржийн эх орондоо эргэн ирсэн үйл явдлыг Монгол Улсын ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөний нэг илрэл гэж тайлбарлаж байна. Учир нь Ц.Элбэгдорж 2017 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаснаас хойш төрийн албан тушаал хашаагүй бөгөөд олон улсын болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож ирсэн. Тэрээр Монголын улс төрөөс зайгаа барьж, судалгаа, бодлогын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн юм.
Тухайлбал, 2022-2024 онд тэрээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Фриман Споглигийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Уолтер Х.Шоренштейн нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвд Бернард, Сюзан Лиутогийн зочин зөвлөхөөр ажилласан байна. Мөн Ц.Элбэгдорж Стэнфордын их сургуулийн дэргэдэх бодлого судлалын бие даасан хүрээлэн болох “Hoover Institution”-ийн хүндэт гишүүнээр сонгогджээ. Энэхүү томилгоо нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2028 оны гуравдугаар сар хүртэл хүчинтэй гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байдаг. Тус хүрээлэн Ц.Элбэгдоржийг Монгол Улсыг олон жил удирдсан туршлага, хүний эрх, ардчиллын чиглэлээрх үйл ажиллагаагаараа олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах хүн гэж үнэлсэн тухайгаа мэдэгдэж байлаа. Мөн АНУ бол ардчилал, хүний эрх, либерал үнэт зүйлсийг хамгаалахыг гадаад бодлогынхоо нэг чиглэл болгож ирсэн бөгөөд энэ хүрээнд ардчиллын төлөө ажилласан хүмүүсийг олон улсын тавцанд дэмжиж, хамгаалдаг гэдгийг ойлгох учиртай.
“ЖЕНКО Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ МОНГОЛЫН ОЛОН АСУУДЛЫН БУРУУТАН МЭТ ХАРУУЛАХ БАЙР СУУРИЙГ ОЛОН ЖИЛ ТҮГЭЭСЭН"
Тэгвэл нэг асуулт гарч ирнэ. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, 75 жил үргэлжилсэн коммунист тогтолцоог тайван замаар өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг Ц.Элбэгдоржийг өнөөдөр яагаад олон хүн сөргөөр хүлээж авах болов. Хариулт нь сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн улс төрийн тэмцэл, мэдээллийн дайралттай холбоотой. Монгол Улс ардчиллын замыг сонгоход хамгийн их болгоомжилж байсан улс бол ОХУ. Учир нь Монгол Улс барууны орнуудтай харилцаагаа өргөжүүлж, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүчтэй баримталж эхэлсэн. Тэгвэл энэ бодлогын эсрэг “ОХУ-ын гар хөл” болсон “Женко” Ц.Элбэгдоржийг Монголын олон асуудлын буруутан мэтээр харуулах байр суурийг олон жилийн турш түгээж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр Ц.Элбэгдоржид дургүй гэх хүн олон болсон. Гэхдээ тэднээс “Яг яагаад дургүй вэ” гэж асуухад тодорхой хариулт өгөх хүн цөөн. Ихэнхдээ олон жил давтагдсан улс төрийн мэдэгдэл, цахим орчны сөрөг мэдээллийг л ярьдаг. Гэтэл бодит байдал дээр Ц.Элбэгдоржийг олон асуудалтай холбон ярьсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутайд тооцсон хэрэг байхгүй.
"ҮНДСЭН ХУУЛЬД ХҮН БҮРИЙГ ГЭМ БУРУУТАЙ НЬ ШҮҮХЭЭР ТОГТООХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОХ ЗАРЧИМТАЙ"
Түүний нэр хамгийн их холбогдсон асуудлын нэг нь “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаантай холбоотой хэрэг байв. Энэ асуудлыг улс төрийн түвшинд хамгийн хүчтэй хөндсөн хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байсан юм. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Байнгын хорооны хуралдааны үеэр “Ачит Ихт компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гэж дансанд тус компани 13 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэ нь баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн мэдэгдэж байв.
ВИДЕО:
Улмаар 2024 оны зургаадугаар сарын 26-нд цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаагийн албанаас Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай холбоотой гэх Viber чатын мэдээллийг танилцуулж, тэднийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн. Гэвч 2025 оны нэгдүгээр сарын 7-нд шүүхээс П.Цагаан болон Ц.Элбэгдорж нартай холбоотой баривчлах захирамжийг хүчингүй болгосон.
Харин П.Цагаан гуай “Миний эсрэг явж буй бүх асуудлын ард Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ хоёр болон тэдний ах, дүүс байгаа. Тэр чат бол 100 хувь эвлүүлэг. Хотоос 400 километр орчмын зайтай үйлдвэрийн ажилтны компьютероос илрүүлсэн. Тэнд очоогүй, огт танихгүй хүний компьютероос илрүүлсэн гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь сошиал ордоггүй, аппликейшн суудаггүй компьютер байсан. Улмаар Интерполд ажилладаг хүн тус чатыг хуурамч гэдгийг Монголд очоод нотлоод өгье гэж ч хэлж байлаа. Тус чат хуурамч гэдгийг батлах олон зүйл бий. Миний бичсэн чат хариу ирсэн чатаас 341 минутын өмнө илгээгдсэн байдаг. Ц.Элбэгдоржтой ямар ч хамаагүй байхад хамаатай болгож, мөнгө угаасан хэмээн цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэнд үнэхээр шоконд орсон. Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй би хэзээ ч бизнесийн харилцаанд орж байгаагүй. Би үнэхээр их гомдож байна” гэх байр суурийг илэрхийлсэн.
ВИДЕО:
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийг гэм буруутай нь шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүйд тооцох зарчим бий. Тиймээс улс төрийн маргаан, олон нийтийн шүүмжлэлээс үл хамааран аливаа хүний хариуцлагын асуудлыг хууль зүйн эцсийн шийдвэрээр үнэлэх учиртай. Ц.Элбэгдоржийг тойрсон шүүмжлэл зөвхөн дээрх асуудлаар хязгаарлагдаагүй. Түүний гэр бүл, үрчилж авсан хүүхдүүдийн талаар хүртэл цахим орчинд янз бүрийн дайралт гарч байсан. Энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш бөгөөд Монголын улс төрд өрсөлдөгчийн нэр хүндэд халдах, хувь хүний амьдрал руу чиглэсэн дайралт хэр хэмжээнд хүрч буйг харуулах нэг жишээ.
Монголын улс төрийн түүхэнд иймэрхүү маргааны бай болсон хүмүүс цөөнгүй. Ардчилсан хувьсгалын үеийн зарим зүтгэлтнүүд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан улс төрчид улс төрийн тэмцлийн төвд орж, олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулж ирсэн. Ганц Ц.Элбэгдоржийн явж буй зам биш. Харин энэ үйл явдал бидэнд нэг зүйлийг тод, томруунаар харууллаа. Ц.Элбэгдорж эх орондоо эргэн ирсэн үйл явдал энэ утгаараа зөвхөн нэг улстөрчийн тухай асуудал биш юм. Харин 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан парламентын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн зарчим өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж, Монгол Улс улс төрийн үзэл бодлоос үл хамааран иргэнээ эх орондоо ирэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалдаг улс хэвээр байгааг харуулсан үйл явдал байлаа.