Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд өөрийн бүрэн эрхийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотын тамгыг орлогч дарга Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн.
Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх болсон үндэслэлээ нөөцийн махны үнэ өссөн, нөөцийг хангалттай бүрдүүлээгүйтэй холбон тайлбарласан юм. Түүнчлэн нийслэл есөн бэлтгэн нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийлүүлсэн болон борлуулсан нөөцийн махны тооцоонд 280 тонн махны зөрүү илэрсэн талаар мэдэгдсэн. Мөн энэ үеэр нийслэлийн хэрэгжүүлж буй бүх төсөл, тендерийг шалгах Тусгай ажлын хэсэг байгуулах үүргийг АТГ-ын дарга З.Дашдаваа, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт өгсөн юм.
ВИДЕО:
Харин Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийн дараа Х.Нямбаатар өөрийн байр сууриа илэрхийлж, "Н.Учралаа, би чамайг хүүхэд байхаас чинь мэднэ. Чи ажил хийж үзээгүй. Улс удирдахад чиний толгой хүрэхгүй, алиа бацаан минь. Би уушгиныхаа гурван судсыг тасартал Н.Учралтай үзнэ" хэмээн хариу мэдэгдэл хийсэн.
ВИДЕО:
Үүнээс хойш Х.Нямбаатар олон нийтийн өмнө төдийлөн харагдсангүй. Тухайлбал, 2026 оны зургаадугаар сарын 15-16-нд болсон нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаарх ерөнхий хяналтын сонсголд түүнийг оролцож, өөрийн эхлүүлсэн мега төслүүдээ хамгаалж, төсвийн зарцуулалтаа тайлагнана гэсэн хүлээлт олон нийт, хэвлэл мэдээллийн салбарт байсан юм. Гэвч тэрхүү сонсголд Х.Нямбаатар оролцоогүй. Энэ үеэр Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл Л.Ану-Үжин "Хотын төсвийн сонсгол болж байхад Х.Нямбаатар Японд байна. Японд байгаа монголчууд Токиогийн 70 давхрын ресторанд хооллож байгаа бичлэгийг над руу явуулсан. Х.Нямбаатар нэг их наяд төгрөгийг ТЭЗҮ нэрээр цаас болгочихоод Японд хоол идээд явж байна гэдэг бол доромжлол" хэмээн мэдэгдсэн юм.
Ийнхүү Х.Нямбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа гадаад улсад байсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон. Мөн түүнийг хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тамгаа гардуулах ажиллагаанд өөрөө оролцоогүй талаар мэдээлж байсан юм. Харин тэр энэ хугацаанд цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, 2026 оны зургаадугаар сарын 26-нд "Би нийслэлийг 2.6 их наяд төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар. Би хуулийн байгууллагад тайлбар, мэдүүлгээ өгсөн. Дуудсан цагт нь морио эмээллээд очно" хэмээн бичсэн юм.
Мөн 2026 оны долоодугаар сарын 6-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирсний маргааш Х.Нямбаатар "Би сурч боловсрох эрхээ эдлээд гадаадад сар гаруй хугацаанд курст сурсан юм аа. Удахгүй курс дуусна. Очъё доо. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй ээ. Эбэ бас уригдаж иржээ. Мань хөөгдөж, МАНАН уригдаж, шагнагддаг өдөр хардаг би ч мөн азгүй юм аа даа" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Энэ хугацаанд Х.Нямбаатарын удирдсан баг болон нийслэлээс хэрэгжүүлсэн мега төслүүдтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгасан хэвээр байна. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны тавдугаар сарын 19-ний шийдвэрээр АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн 24 мега төслийн төсөв, санхүүжилт, зарцуулалт, сонгон шалгаруулалтын үйл явцыг шалгаж эхэлсэн. Түүний удирдаж байсан багийнхан шалгуулсан хэвээр байна.
- Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны тавдугаар сарын 22-ноос хойш цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
- Т.Даваадалайн дүү, метро төслийн захирал Т.Мөнхдалайг нэг сарын хугацаанд цагдан хориод, үргэлжлүүлэн хилийн хориг тавин шалгаж байгаа. Түүнийг мөнгө угаах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэх хэргээл шалгаж байна.
- Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг барилга хүлээн авах улсын комиссын актад гарын үсэг зурсныхаа хариуд "Ж" гэх компаниас хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт гэр бүлийн хүн Б.Өсөхбаярыг хамжигчаар оролцсон байж болзошгүй үндэслэлээр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- "Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол" төслийн тендерт шалгарсан "Професионалстрой" ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
- Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг мөн шалгаж эхэлсэн. Л.Хосбаярын тайлбар, мэдүүлэг, шалгалтын явцад цугларч буй баримтаас хамааран мөрдөн шалгах ажиллагааны хүрээ цаашид өргөжиж Х.Нямбаатарыг ч шалгах боломжтой.
Харин энэ бүхний зэрэгцээ Х.Нямбаатар гадаадад байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал, 2026 оны долоодугаар сарын 3-нд цахим орчинд түүнийг Канад улсын Ванкувер хотын "BC Place" цэнгэлдэх хүрээлэнд болсон 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт үзэж буй зураг тархсан. Зарим иргэн уг зургийг хиймэл оюун ашигласан хуурамч зураг байж болзошгүй гэж үзэж байсан ч эх сурвалжийн мэдээлснээр уг зураг бодит бөгөөд Х.Нямбаатар Япон улсад байсан хугацааныхаа дараа Ванкувер хотод суралцаж байгаа аж.

Зургаас үзвэл Х.Нямбаатар 2026 оны долоодугаар сарын 3-нд болсон Швейцар, Алжирын тоглолтыг үзсэн байна. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр ирэх намар эх орондоо буцаж ирэх аж.

Сонирхуулахад, уг тоглолтын тасалбарын үнэ ангиллаасаа хамаараад ойролцоогоор 225–540 ам.доллар байсан гэж мэдээлэгдсэн. Харин тухайн тоглолтын бодит борлуулалтын үеийн мэдээллээр Category 2 тасалбар 795 канад доллар, Category 1 нь 1,495 ам.доллар орчим байсан гэх мэдээлэл бий.