Монголд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн. Түүний дотор моринга агуулсан бүтээгдэхүүнийг “дархлаа дэмждэг”, “элэг цэвэрлэдэг”, “жин бууруулдаг” гэх агуулгаар сурталчилсан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тасралтгүй түгж, хэрэглэгчдийн сонирхлыг татсаар ирсэн. Олны танил хүмүүс, цахим нөлөөлөгчдийн сурталчилгаа ч энэ бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэхэд багагүй нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.
ВИДЕО:
-САЛМОНЕЛЛА НЯНГИЙН ХАЛДВАР АВСАН БАГА НАСНЫ ХҮҮХЭД, ӨНДӨР НАСТАН, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, ДАРХЛАА СУЛ ХҮМҮҮС ХҮНДРЭХ, ЦУСААР ДАМЖИН БУСАД ЭРХТЭНД ХАЛДВАРЛАХ ЭРСДЭЛТЭЙ-
Харин Эрүүл мэндийн яам АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA), Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-ийн мэдээлэлд үндэслэн моринга навчны нунтаг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулсан. Тус мэдэгдэлд TNVitamins Moringa Leaf Powder, Doctor’s Pride Moringa Leaf Powder, Live it Up Super Greens, Why Not Natural Moringa Powder зэрэг бүтээгдэхүүнээс “салмонелла” нян илэрсэн тул АНУ-ын Хүнс, эмийн агентлаг болон Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж буйг дурдсан юм.

“Салмонелла” нь хүнсний гаралтай халдвар үүсгэдэг хамгийн түгээмэл нянгийн нэг. Халдвар авсан хүн 6-72 цагийн дотор суулгах, өндөр халуурах, хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд 4-7 хоногийн дараа эдгэрдэг ч бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, дархлаа сул хүмүүст хүндрэх, цусаар дамжин бусад эрхтэнд халдварлах эрсдэлтэй байдаг байна.
-"ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА, ХОЁРЫГ АВААД НЭГИЙГ ҮНЭГҮЙ АВААРАЙ” ГЭСЭН ЗАРЫН ДАГУУ ОЛОН ХЭРЭГЛЭГЧ ХОЛБОГДОЖ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭЭР БАЙНА-
Гэвч албан ёсны мэдэгдэл гарсан ч дээрх бүтээгдэхүүнүүдийн зарим нь Монгол дахь цахим худалдааны хуудсуудад худалдаалагдсаар байна. Тодруулбал, Facebook, Instagram болон бусад цахим худалдааны хуудсаар дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг захиалж авах боломжтой байсаар байна.
Зарим онлайн шоптой холбогдоход “бэлэн байгаа”, “хүргэлтээр явуулна”, “манайх хамгийн баталгаатай”, “санаа зовох зүйлгүй” гэх тайлбар өгсөн ч тухайн бүтээгдэхүүн эргүүлэн татсан цувралд хамаарах эсэхийг нотлох баримт, гарал үүслийн мэдээллийг огтхон ч өгсөнгүй. Зарим худалдагч “Америк оригинал бүтээгдэхүүн”, “хамгийн их захиалагддаг”, “өдөр бүр хүргэлттэй” гэх агуулгаар борлуулалтаа үргэлжлүүлсээр байгаа харагдав. Тэр ч бүү хэл “гэнэт хямдрал зарлалаа, хоёрыг аваад нэгийг үнэгүй аваарай” гэсэн зарын дагуу олон хэрэглэгч холбогдож худалдан авалт хийсээр байгаа юм.
Түүнчлэн моринга хэрэглэгчдийн зарим группүүдэд “салмонелла нян хүний биед аюултай биш”, “үргэлжлүүлээд хэрэглэж болно” гэх агуулгатай үндэслэлгүй нийтлэл, сэтгэгдлүүд ч хөвөрч байв. Гэвч эдгээр мэдээллүүдэд шинжлэх ухааны ямар нэгэн судалгаа, албан ёсны байгууллагын эх сурвалж огт дурдагдаагүй байна.
Харин ДЭМБ, CDC-ийн мэдээллээр “салмонелла” нь дэлхий даяар хүнсний гаралтай өвчлөлийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд жил бүр олон сая хүнийг өвчлүүлдэг аж. Иймээс хүнсний бүтээгдэхүүнээс уг нян илэрсэн тохиолдолд эргүүлэн татах арга хэмжээ авах нь олон улсад мөрдөгддөг стандарт юм. Моринга өөрөө шим тэжээлээр баялаг ургамал байж болох ч аливаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүний аюулгүй байдал нь сурталчилгаа, хэрэглэгчдийн сэтгэгдлээр бус, үйлдвэрлэлийн чанарын хяналт, лабораторийн шинжилгээ, төрийн байгууллагын үнэлгээгээр тогтоогддог гэдгийг иргэд анхаарах нь зүйтэй.