Хонхтой цэцэрлэгийн, зөөврийн устай ''ажилладаггүй'' усан оргилуурт ТЭРБУМААР урсгал засвар хийжээ

Хонхтой цэцэрлэгийн, зөөврийн устай ''ажилладаггүй'' усан оргилуурт ТЭРБУМААР урсгал засвар хийжээ

Өнгөрөгч 2020 оны зургаадугаар сарын 20-нд Нийслэлийн төв талбайд 3,2 тэрбумын өртөг бүхий хөгжимт усан оргилуур нээлтээ хийсэн. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн ‘’Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур’’ одоо ч ажиллахгүй байгаа юм.                                                               

Усан оргилуур хэзээ буцаж хэвийн ажиллах талаар Нийслэлийн засаг даргын тамгийн газрын Захирагчийн албанаас тодруулахад "засварын ажил хийгдэж байна, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна" хэмээх хариултыг өгсөөр байгаа.

Усан оргилуур ажиллаагүй үедээ төмөр нь зэвэрсэн байгаа байдал

Анх Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан иргэдийн шүүмжлэлийг үл тоосоор “дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн барина" хэмээн зүтгэсэн. Гэвч бодит нөхцөл байдал дээр дэлхийн жишигт хүрсэнгүй.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах уралдаанд шалгарсан төсөл

Жилийн дөрвөн улиралтай, түүнийх нь хоёр нь хүйтэн сэрүүний улирал тохиодог манай оронд усан оргилуур нь тансаг хэрэглээ, ухаалаг бус зарцуулалт юм. Угтаа бол усан оргилуур нь зориулалтаараа хүмүүсийн стрессийг тайлж, орчны бохирдол, агаарт буй бичил нянгуудыг цэвэрлэх үүрэгтэй гэнэ.

Тэгвэл хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжимт усан оргилуур эсрэгээрээ нийслэлчүүдийн харж стресстэж, төсвийн мөнгөө бодож халаглах шалтаг болжээ. 

Дулааны гэгдэх хоёр улиралд ажиллана хэмээсэн усан оргилуур нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нээнэ гэсэн болов ч Үндэсний их баяр наадам дөхсөн өнөө үед ч ажиллахгүй байна. Гэхдээ түүнд өндөр өртөгтэй урсгал засвар төсөвлөгдөж л байгаа.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн урсгал засвар жил бүр 500 сая. Нийтдээ 3 тэрбум 788 саяыг зарцуулах төлөвтэй.

Дээрх зурагт байгаа дүнгээр 2020-2022 он хүртэл гурван жилийн хугацаанд нийтдээ 3 тэрбум 378 сая төгрөгийг урсгал засварт төсөвлөсөн байна. Мөн баригдсан өртөг болох 3 тэрбум 200 саяыг тооцвол нийтдээ 6.98 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрсэн үед бага мөнгө биш юм. 21-р зуунд "усаа зөөвөрлөдөг" хөгжимт усан оргилуурыг эсэргүүцэх тусам зүтгэсээр байгаад барьсан эрхэм одоо нийслэлийг бус УОК-ыг удирдаж байна. Төсвийн мөнгө уйлдаггүй юм бол ядаж жил бүр нийслэлийн төсвөөс  500 саяыг авдаг усан оргилуураа ажиллахыг нь харж баясах юм сан.