Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6-д “Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасан байдаг.
Гэтэл өнгөрөгч Бямба гарагт /2021.07.03/ коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгээс тусламж хүсэж очиход “Манай харьяа биш байна” гэснээр анхан шатны тусламж ч авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
-ТАЛИЙГААЧ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ БАЙЖЭЭ-
Мөн өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ, “Тус хорооны хэсгийн ахлагчын өрхийн эмчид мэдээлсэн мэдээллээр бол “талийгаач Чингэлтэй дүүргийн 50 дугаар байрны зоорин давхарт алтны дархан хийж, ажиллангаа амьдардаг байсан. Амьдардаг орчны нөхцөл маш тааруу. Сүүлийн 10 хоног согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан” гэсэн өгүүлэмжийг өгсөн талаар хэлсэн.
Тэгвэл манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн 50 дугаар байранд очиход тус газрын нэг давхар болоод зоорийн давхарт “оёдол, үсчин, бэлэг дурсгал” зэрэг хаягтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орчин угтсан юм. Иймд талийгаач Р жижиг үйлдвэрлэл эрхлэгч байжээ. Ер нь тэр хавийн зоорийн давхрууд хүн амьдрахааргүй тийм хүнд нөхцөлтэй огт байсангүй.
Мөн тус хорооноос тодруулахад, “Манай хэсгийн ахлагч ямар нэг тийм мэдээлэл огт өгөөгүй” гэсэн юм. Талийгаачийн эгч, “Хэвлэлийн хурлын үеэр талийгаачийг 10 хоног байнга архи уусан гэсэн. Огт тийм хүн биш. Худлаа мэдээлэл цацаад байна” гэлээ.
-ТҮҮНИЙ АЖЛЫН БАЙРНААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 10 МЕТР БИШ БАЙВ-
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Талийгаачийн амьдардаг байрнаас 10 хан метрийн цаана хорооны өрхийн эрүүл мэндийн төв байрладаг” тийшээ ч очих боломжтой байсан гэсэн утгатай зүйлийг ярьсан юм. Гэтэл Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тус дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэг руу тус тус 500 орчим метрийн зайтай байсан юм.
Энэ нь хэрэв иргэн ямар нэг байдлаар нас барвал тус хүний өөрийнх нь буруу гэх ухагдахууныг төрүүлэхийн тулд иргэд рүү турхирч асуудлыг чихдэг нь үүнээс харагдаж байна.
Тус асуудалд холбогдох дунд шатны байгууллагуудын дарга болох НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөн энэ хэрэг хаагдах шатандаа явж байна.
Гэтэл ард нь бүхэл бүтэн нэг Монгол улсын иргэний үндсэн эрх зөрчигдсөн асуудал яригдаж байгааг хэн ч хайхарсангүй. Дээд албан тушаалтнууд ч үүнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ бол ганц хүний жишээ огт биш. Нийгэмд байсаар ирсэн эмч нарын болон дээд, дунд, доод албан тушаалтнуудын бүгдийнх нь хөндөх ёстой маш том сэдэв юм.