ТОДРУУЛГА: Ерөнхий сайдыг явснаас хойш Замын-Үүдийн дарга хоорондоо муудсанаас өөр юу ч өөрчлөгдөөгүй байна

ТОДРУУЛГА: Ерөнхий сайдыг явснаас хойш Замын-Үүдийн дарга хоорондоо муудсанаас өөр юу ч өөрчлөгдөөгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцан албаны хүмүүсийн мэдээллийг сонссон.

-ХЯТАДЫН ТАЛААС ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

Учир нь коронавирусийн халдвараас шалтгаалж өдөрт хилээр гарах машины тоо 300-аас 100 болж буурсан ба сүүлийн гурван сард нөхцөл байдал илүү хүндэрч гааль дээрх бараа, материалын хэт их бөөгнөрөл бий болох худалдан авагчдын гарт очилгүй удах, тээврийн хөлс өсөх зэрэг хүндрэл тулгараад буй. Хамгийн ноцтой нь дээрх болхи үйл ажиллагааны эцсийн үр дүнд хэрэглэгчдийн гарт очих барааны үнэ өсөх, иргэдийн дунд бухимдал үүсгэх улмаар нийгэм эдийн засагт савлагаа үүсгэх хэмжээнд тулаад байгаа юм. Энэ ч үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр гаалийн хяналтын бүсэд ажилласан нь энэ. Ингээд газар дээр нь яг ажиллахад ачаа, бараа цөөн хэдэн хүчин зүйлээс болж гацаад буй тодорхой болсон юм.

Тэр нь энгийн, инээдтэй зүйлс бөгөөд тодорхой хэлбэл Хятадын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна. Илүү сайжруул” гэсэн шаардлагыг тавьж түүнийг манай талаас хангаж чадахгүйтэй л холбоотой байв. Зөвхөн ийм үндэслэлээр Хятадын талаас хязгаарлалт тавьж татан авалтаа багасгасан нь харамсалтай. Хэрвээ Хятадын талаас тавьж буй шаардлагыг хангаж чадаад өдөрт 150 машин гаргавал тодорхой хугацааны дараа машины урт дугаарлалт арилна гэж Зам тээврийн сайд Л.Халтар мэдэгдсэн.

Энэ дагуу манай тал ажлаа сайжруулаад Замын-Үүд, Гашуунсухайт орчимд халдвартай жолоочийг нэвтрүүлэхгүй байх улмаар бараа материалын ариутгал халдваргүйтлийг сайтар хийж гааль орчмын машины дугаарлалтыг багасгах, хилээр нэвтрэлтийг идэвхжүүлэх байтал арчаагүй, санаачилгагүй, залхуу, уялдаагүй байж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байжээ. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүдэд ажиллах үеэр илэрч олон нийтийн дунд дургуйцэл, шүүмжлэлийг төрүүлээд байна. Хамгийн сүүлд энэ сарын 24-ны өдөр /2021.06.24/ Монголоос Хятадад очсон хөргүүртэй махнаас коронавирус илэрсэн. Үүний улмаас Хятадын тал мах болон бусад бараа материалыг экспортыг зогсоож хүлээж авахгүй гэж мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголын талаас ямар ч бараа, материал Хятад руу нэвтэрч чадахгүй байна гэсэн үг.

Шалтгаан нь ердөө ачаатай тээврийн хэрэгслийн ачаа, сав баглаанд манай тал ариутгал, халдваргүйтэл муу хийсэнтэй холбоотой. Гэтэл Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон зүйл байв. Энэ сүрхий “царайтай” хэсэгт ариутгал хийлгэсэн машин, ачаа бараанаас коронавирус илрэх нь аргагүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Ийм юмаар ариутгахаар аргагүй шүү дээ” гэж хэлсэн. Үнэхээр тийм юмаар ариутгахаар аргагүй, энд кабины болон гадаргуугийн ариутгал хийгддэггүй л гэсэн үг.

БИЧЛЭГ:

-АРИУТГАЛЫН МӨНГӨ ГЭЖ НЭГ МАШИНААС 5000 ТӨГРӨГ АВДАГ БАЙНА-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд ажилласныхаа эцэст муу дүн тавиад Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга н.Цогбадрах тэргүүтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгдээд дэд даргын түвшинд ажиллаж буй сайн багийг Замын-Үүдэд авчирч сэлгэн ажиллуул гэсэн. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд ажиллаж буй албан хаагчдыг татаж өөр багаар сэлгэнэ гэсэн үг. Мөн 30 хоногт боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож солих хүртэл арга хэмжээ авна гэсэн юм. Түүнийг ингэж хэлээд явсны дараа Замын-Үүд дэхь орон нутгийн удирдлагын байгууллага, Мэргэжлийн хяналт, Гаалт, Хил хамгаалах зэрэг албан байгууллагууд бурууг бие, бие рүү гээ чихэж муудалцсан гэх мэдээлэл байна. Цаашлаад зарим дарга нар ажилтнуудаа солино гэж дор бүрнээ томорч, загнаж зандарсан авир гаргаснаас гадна хий сандарч сэтгэл санаагаар унасан үйл явдал болсон тухай эх сурвалж мэдээлэв. Харин Ерөнхий сайдыг явсны дараа Замын-Үүд дэхь нөхцөл байдал жаахан ч дээрдээгүй бөгөөд яг л урьдын адил өдөрт 100 машин Хятад руу нэвтэрч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хилээр гарах машины тоо нэмэгдээгүй, чанар сайжраагүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн ариутгалын цэг нь хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд нэг машинаас 5000 төгрөг авч ариутгадаг аж. 

-43 САЯ ТӨГРӨГИЙН АРИУТГАЛЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ 176 САЯАР ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ТАНИЛЦУУЛСАН УУ. МӨН МХЕГ-ААС ФУНКТЫГ БАРИХ, ТЭЭВЭРЛЭХ НЭГ ТЭРБУМЫН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ-

Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ажиллах үеэр дээрх ариутгалын хэсгээ ирэх долоо хоногоос /энэ долоо хоног/ солих гэж буй талаар албаныхан тайлагнасан. Тэр үед л  одоогийн ариутгалын хэсгээ буулгах байх түүнээс өнөөдөр ч энэ хэсэгтээ ариутгалын ажлаа үргэлжлүүлж байна хэмээн эх сурвалж мэдээлэв.

Шинээр байгуулах ариутгалын хэсэг нь дөрвөн улиралд ажилладаг салхинд мананцараа барьж чаддаг битүү функт байна гэж эхний байдлаар танилцуулсан. Нийт дөрвөн функт барих бөгөөд нэгийг нь 176 саяар худалдаж авна гэж буй. Цаашлаад худалдаж авахаар Хятад руу захиалгаа өгчихсөн гэж албаныхан хэлсэн. Уг функтээр машины кабины болон гадаргуугийн ариутгал хийх аж. Гэтэл олон улсын худалдааны алибаба дэлгүүрт мананцараар ариутгадаг төхөөрөмж нь  95 мянган юань бас 43 сая төгрөг байна. Харин мэргэжлийн хяналтынхан 176 саяар ямрыг авах гэж буй нь анхаарал татаж байна. Бас өөр нэгэн дата мэдээллээс харвал төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хуудаст өнгөрсөн сарын 24-ны өдөр /2021.06.24/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн боомтуудын Мэргэжлийн хяналтын албанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх  нэг тэрбум гаруй төгрөгийн /1.261.000.000/ үнийн дүн ажлын тендер зарласан байна. Энэ ч мөн анхаарах агуулга.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ.

ДҮГНЭЛТ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажилласан нь хил, гаалийн авлигын сүлжээг нийтэд ил болгосноос гадна Зам тээврийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт гэх мэт албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэх олон нийтийн шаардлагыг сэрээв. Тэдний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж Монголын экспортын гол хэсэг Замын-Үүд, Гашуунсухайтын боомтоор нүүрс, ачаа бараа нэвтрэлгүй тэг зогсол хийгээд байна.