Нийтийн тээвэр тусгай салбарын ажилтнуудад үйлчилж байгаа тул энгийн иргэд ачаалал үүсгэхгүй байхыг хүслээ

Нийтийн тээвэр тусгай салбарын ажилтнуудад үйлчилж байгаа тул энгийн иргэд ачаалал үүсгэхгүй байхыг хүслээ

Улаанбаатар хотыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Коронавируст халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулж, вакцинжуулалтын үр дүнг хадгалах зорилгоор тогтоосон энэхүү хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ.

Энэ хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбарын ажилтнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах болон тухайн байгууллагын нийт ажилтны 10 хүртэлх хувьд хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох квот тогтоосон юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэлд хүн хоорондын зай баримтлуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх шаардлагатайг албаныхан онцолсон. Гэвч өнөөдөр өглөөний байдлаар автобусны буудлуудад иргэдийн бөөгнөрөл үүсэж, автобусанд багтахгүй байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны зэрэгцээ иргэд нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.

Харин энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “58 чиглэлд 315 автобус тусгай зориулалтаар үйлчилж байна. Ачаалал ихтэй байгаа зарим чиглэлд автобусны тоог нэмэх байдлаар зохицуулж байна. Мөн зарим чиглэлд энгийн иргэд автобусаар зорчиж, ачаалал их үүсгэж байгаа учир ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсье” гэжээ.