ТОДРУУЛГА: Хар галуу нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэх нь батлагдаагүй, тиймээс устгах хориотой

ТОДРУУЛГА: Хар галуу нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэх нь батлагдаагүй, тиймээс устгах хориотой

Жил бүр нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал гардаг. Өчигдөр л гэхэд нэгэн иргэн твиттер хуудсандаа “Хар галуу өдөрт 12 кг загасаар хооллодог. Тиймээс БОАЖЯ-ны сайд байсан Н.Цэрэнбат устгах тушаал гаргасан гэж сонссон” хэмээн бичсэний доор маш олон иргэн “өндгийг нь хагалж устгах хэрэгтэй, тор тавих нь зүйтэй, устгах шийдвэр гарсан бол энэ жил хэдийг устгана аа, үүнээс болж Хэрлэн гол загасгүй болсон устгах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Тураг гогой буюу хар галуу нь манай орны гол мөрөн ихтэй нутгуудад ихээр нүүдэллэн ирдэг бөгөөд Хэнтий аймгийн зарим сумдад их тохиолддог байна. Бид энэ талаар Хэнтий аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын газрын дарга Б.Дархантөрөөс тодруулахад “одоогоор манай улсад хар галууг устгах ёстой гэсэн албан ёсны шийдвэр гараагүй тул иргэд дур мэдэн устгах нь хориотой. Мөн тус шувуу нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь судалгаагаар батлагдаагүй байгаа.  Судалгаа шинжилгээгүйгээр тураг гогой/хар галуу/ шувууг шууд устгах талаар ярьж болохгүй. Хэрлэн болон Хурхын голтой ойролцоо байрладаг 10-аад суманд жил бүр тодорхой хэмжээний хар галуу нүүдэллэн ирдэг. Нүүдлийн шувуу учраас тоо хэмжээг нь нарийн хэлэх боломжгүй байдаг” гэж мэдээллээ.

Өнгөрсөн онд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд, шувуу болон загас судлаач эрдэмтэд, загасчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, болон иргэд тураг гогой шувууны талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд энэ онд тураг гогойн тархац нутгийг бүрэн хамарсан тоо толгойн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн ямар нэгэн судалгаа шинжилгээгүйгээр устгах ажлыг хийхэд бусад ховор шувууд дайжих зэрэг бусад амьтдын жам ёсны эрхийн асуудал хөндөгддөг тул энэ асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолжээ.