Д.Сумъяабазар: Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

Д.Сумъяабазар: Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн онцгой комисс маргаашаас эхлэн 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсон Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжаа танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана гэлээ. 

Тодруулбал, 

  • Дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24 -ны өдрүүдэд ТЭГШ дугаараар төгссөн
  • Дөрөвдүгээр сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25 -ны өдрүүдэд СОНДГОЙ дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

УОК-оос тээврийн хэрэгслийг QR-аар зорчуулах асуудлыг судлах чиглэл ирсний дагуу өмнөх хөл хорионы үеэр хэрэгжүүлж байсан QR кодыг хэрэглэх талаар судалсны үндсэн дээр Шадар сайдад танилцуулсан. Хэрэв QR кодоор зорчуулах бол бүртгэлийн асуудал тулж, хугацаа шаардах учраас тэгш, сондгойгоор явуулахаар шийдвэрлэсэн гэлээ. 

Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж,

  • 06:30-10:00,
  • 12:00-15:00,
  • 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор  хангаж ажиллана.

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм.

Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.