Цахим сүлжээнд нэг удаагийн амны хаалтнаас өт илэрсэн тухай мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Дархан-Уул болон Орхон аймгуудын онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.
Шалгалтад 8 эмийн санг хамруулж, шинжилгээний бичиггүй худалдан борлуулж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт, Монгол Улсын “Нахиа” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтнаас тус тус дээж авч, 4 үзүүлэлтээр шинжлүүлжээ. Шинжилгээгээр хөгц, мөөгөнцөр, колиформ бактери, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл” 2-р хэсэг “Амны хаалт техникийн шаардлага” MNS 6623-2:2016 стандартын шаардлагыг хангаж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Харин Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 10 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдан борлуулагдаж байгаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт /хүүхдийн болон цэнхэр, хар, цагаан өнгөтэй/-аас дээж авч 4 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад мөн “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл, Амны хаалтны техникийн шаардлага” MNS 6623-2:2016 буюу стандартын шаардлагыг хангаж байгаа нь тогтоогджээ. Амны хаалтаас хөгц, мөөгөнцөр, колиформ, Staphylo-coccus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй байна.