Э.Саранбаатар: Хуулийн тал дээрээ л жаахан алдчихлаа, шийдвэр нь бол зөв гэж бодож байна

Э.Саранбаатар: Хуулийн тал дээрээ л жаахан алдчихлаа, шийдвэр нь бол зөв гэж бодож байна

Өчигдөр цахим орчинд зөгийн аж ахуй эрхлэгчдээс татвар авахаар шийдвэрлэсэн талаарх нэгэн засаг даргын захирамж тарж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Үүнийг харсан хүмүүс “зөгийнөөс татвар авахаар болвол шумуулнаас ч гэсэн авах уу, зөгийн хөлийн татвар дээр далавчны татвар мөн төлөх үү” гэх мэтээр тоглоом наргиан болгож, шүүмжилж байсан юм.

Мөн хуульчдын зүгээс энэхүү шийдвэрийг “энэ тохиолдол дээр газрын хэвлийн тухай хуулийг ашиглах нь тохиромжгүй, учир нь “газрын хэвлий” гэж хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зайг хэлдэг ба зөгий газрын хөрснөөс дээш амьдардаг хэмээж байсан бол Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Тус сумын засаг даргын захирамж Үндсэн хууль болон Татварын ерөнхий хууль зөрчжээ. Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь хэмжээг УИХ түүний эрх олгосоноор аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ татварын ямар ч хуулиар бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй” хэмээн тайлбарлажээ. Бид тус захирамжийг гаргасан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг дарга Э.Саранбаатартай холбогдож доорх тайлбарыг авлаа.

СОНСОХ: 

-ЗӨГИЙНӨӨС ИЛҮҮ ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД НЬ МАШ ИХ БЭЛЧЭЭР ТАЛХАЛЖ, АЙЛЫН ХАДЛАНГИЙН ГАЗРЫГ СҮЙТГЭДЭГ-

-Сайн байна уу, та. Таны гаргасан захирамж, шийдвэр хүмүүсийн дунд сайн, муугаар их яригдаж байна. Юуны өмнө ийм захирамж гаргах болсон шалтгаан болон үндэслэлээ тайлбарлавал?

-Сайн, сайн байна уу. Харин тэглээ. Хүмүүсийн дунд нэлээн л яригдаж байх шиг байна. Манай суманд зөгийн аж ахуй эрхэлдэг нэлээн олон иргэд бий. Тариалангийн бүс нутаг болж, балт ургамал тариалж эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд гаднаас маш их зөгийчид орж ирж байгаа. Тиймээс манай сумын зөгийчид надад хандсан юм л даа. Энэ асуудлыг эмхэлж, цэгцэлж өгөөч ээ, шаардлагатай татвар, мөнгөө зөгийчид бид өгөх шаардлагатай бол өгье өө, гадны зөгийчдөөс мөн татвар мөнгө авья гээд. Учир нь манай сумын иргэдээс гадна, бусад сумдаас ирж байгаа зөгийчид үнэхээр дураараа хаа сайгүй, сумын газар нутаг дээр зөгийгөө үржүүлдэг.

Малчдын хадлангийн газар очиж талхалдаг, энд тэндгүй хог хаягдлаа хаядаг гээд олон асуудал гарч байгаа. Тэр тусмаа бал хураах үед энд тэндгүй газар маш ихээр талхлагддаг. Зөгийнөөс илүү хүмүүсийн хөлд ихээр дарагдаж байна. Хүмүүс чинь энд тэндгүй машинаар давхина шдээ. Тийм учраас бид энэ асуудлыг иргэдийн хурлаар оруулаад, тогтоол гаргаад ингэж шийдсэн юм. Ингээд зэргэлдээ сумд руугаа энэ захирамжаа явуулчихсан, манай сум руу гэрээ хийж зөгийгөө авч орж ирнэ шүү гээд. Гэтэл тэр захирамж маань цахим орчноор яваад бөөн асуудал болоод л байна.

-Тус асуудлыг яагаад газрын хэвлийн тухай хуулиар зохицуулна гэж бодсон юм бэ, зөгий газраар явдаггүй гээд хүмүүс их гайхаж байсан?

-Харин тийм ээ, зөгий ч гэсэн цэцгэн дээр буудаг. Тийм учраас бид бэлчээрийн даац гэсэн утгаараа л ийм шийдвэр гаргасан юм. Манай хуулийн зөвлөх бичгэн дээрээ анзааргагүй алдаа гаргачихсан юм шиг байна. Бид ч гэсэн энд ярилцаад л байж байна. Буруу гаргачихав уу, яав ийв гээд.

-МАНАЙ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ АНЗААРГАГҮЙ АЛДАА ГАРГАЧИХСАН ЮМ ШИГ БАЙНА, ОДОО ЯРИЛЦААД, ЗАСАХ ГЭЭД БАЙЖ БАЙНА-

-Хүмүүс энэ асуудлаар тантай их холбогдож байна уу?

-Ер нь ярьж байна \инээв\. Ямар шийдвэр гаргачихваа л гээд байна. Зарим нь зөв, зарим нь буруу л гэх юм.

-Тэгэхээр та бүхэн хуулин дээрээ л будилчихсан болохоос биш зөв санал гаргасан гэж бодож байгаа юм байна. Цаашдаа энэ ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ, хууль эрх зүйн талдаа л жаахан алдчихлаа. Тиймээс яг одоо юун дээрээ ингээд алдчихав, яав ийв гээд ярилцаад л байж байна. Ер нь бол хууль, эрх зүйн асуудлаа шийдээд хуулинд нь нийцүүлээд энэ захирамжаа цаашид үргэлжлүүлнэ л гэж бодож байна. Одоо хуулийн зөвлөхдөө хэлээд засья гээд л байж байна.

-Өмнө нь нутгийнхаа зөгийн аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж, энэ талаар санал солилцсон уу, зарим зөгийчид их эсэргүүцсэн байр суурьтай байсан?

-Бид сумынхаа зөгийн аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж, энэ асуудлаар хуралдсан л даа. Өвлөөс хойш яригдаж байгаад, гурван сарын эхээр хуралдсан юм. Тэр үеэр сумын зөгийчид энэ шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжиж, саналаа оруулцгаасан байгаа. Харин гадны зөгийчид л их эсэргүүцэж байх шиг байна шд.

-Ийм захирамж гаргаж, татвар авах болсноор та бүхэн ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Ер нь коронавирус гээд төсөв мөнгөний асуудал их хүнд болоод байгаа. Тиймээс сумынхаа төсөвт хөрөнгө оруулья, сум орон нутгаа хөгжүүлье, зөгийчдийнхөө асуудлыг шийдье л гэж бодож ийм шийдвэр гаргасан юм. Мөн эмх цэгцгүй энд тэнд зөгийгөө тавьдаг асуудлаа больё, жаахан цэгцэлье гэсэн зорилго бий.