ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭН: Гар утсыг минь булаагаад зугтсан ч бага насны хүүхдүүд болохоор нь зүгээр өнгөрөөсөн

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭН: Гар утсыг минь булаагаад зугтсан ч бага насны хүүхдүүд болохоор нь зүгээр өнгөрөөсөн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн тэргэнцэртэй иргэн утсаа булаалгасан талаараа пост хийж олон нийтийн анхаарлыг татсан.

Тодруулбал тухайн иргэн “тэргэнцэртэй хүнийг хүлээн зөвшөөрдөггүй нийгэм юм байна. Утсаар ярьж байтал утас шүүрээд зугтчихав” гэсэн постыг цахим хуудсандаа оруулсан нь манай улсад тэр бүр хэрэгжээд байдаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хүртээмжтэй байдлын талаарх нэгэн эмзэг сэдвийг хөндсөн юм. Тус иргэнийг Г.Буянжаргал гэдэг бөгөөд тухайн өдөр юу болсон, дээрэмдүүлсэн утсаа олж чадсан эсэх талаар нь утсаар холбогдож тодрууллаа.

Тухайн иргэний инстаграм хаягандаа оруулсан пост

-ГЭРИЙНХЭЭ ГАДАА САЛХИЛАНГАА УТСААР ЯРЬЖ БАЙТАЛ 14-15 ОРЧИМ НАСНЫ ХҮҮХДҮҮД ГЭНЭТ Л УТАС ШҮҮРЭЭД ЗУГТЧИХСАН-

-Сайн байна уу, юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу, энэ нийтлэлийг уншиж байгаа хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Буянжаргал гэдэг.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ, ямар хүмүүс утсыг нь аваад зугтсан юм бол?

-Би тэр өдөр III, IV хороололд гэрийнхээ гадаа хөл хорио тавигдсан болохор ганцаараа салхилж байсан юм л даа. Тэгээд найзтайгаа утсаар ярьж байтал гэнэт миний утсыг хүн шүүрээд зугтчихсан. Араас нь харахад бага насны хүүхдүүд байх шиг харагдсан.

-Одоог хүртэл утсаа олоогүй юу, цагдаад мэдэгдсэн үү?

-Олоогүй ээ. Хэрэгтэй мэдээллүүдээ эмнэлгээсээ авахаар болсон болохоор энэ асуудлыг орхисоон. Миний хувьд бол дотор нь хэрэгтэй зүйлс байсан болохоор л пост бичсэн. Жаахан хүүхдүүд байсан болохоор цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй ээ. Магадгүй тэдэнд бас мөнгөний хэрэг байсан болохоор л тийм үйлдэл хийсэн байх гээд сайнаар л бодоод өнгөрөхөөр шийдсэн дээ.

-Ойролцоогоор хэдэн насны хүүхдүүд байсан бэ?

-Ойролцоогоор 14-15 орчим насны хүүхдүүд л байх гэж харсан.

-Таны хувьд ганцаараа хэр гадуур явдаг вэ, өмнө нь ийм зүйл тохиолдож байсан уу? Мэдээж тэргэнцэртэй явахад хүндрэлтэй зам болон шатууд их тааралддаг байх, хүмүүс хэр тусалдаг вэ?

-Өмнө ийм зүйл огт болж байгаагүй ээ. Гэхдээ надаас өөр хүмүүст тохиолддог байж ч магадгүй. Миний хувьд тэргэнцэртэй яваад удаагүй байна. Засгийн газраас олон удаагийн давталттай хөл хорио тогтоогоод байсан болохоор гадуур явах шаардлага байгаагүй. Гэхдээ хүндрэлтэй шат болон зам зөндөө байдаг юм байна лээ. Зарим хэсгүүдээр бол тэргэнцэртэй хүн байтугай явган хүн ч явахад асуудалтай газрууд их байдаг. Тиймээс зарим жолооч нараасаа “машинаа явган хүний зам дээр битгий тавиарай” гээд гуймаар санагддаг. Одоо гэхдээ нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийн талаар дуугардаг залуус их болсон байна. Хүнийг хүн гэж хүндэлдэг залуус олон болж байгаад маш их баярлаж байгаа.

-ГАР УТСАН ДЭЭРХ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДЭЭ ЭМНЭЛГЭЭСЭЭ АВАХААР БОЛСОН УЧРААС ТУС ХҮҮХДҮҮДИЙГ ЦАГДААД МЭДЭГДЭЭГҮЙ. ЯМАР НЭГЭН ШАЛТГААНТАЙ БАЙСАН БОЛООД Л АРГАГҮЙН ЭРХЭНД ТИЙМ ЗҮЙЛ ХИЙСЭН БАЙХ-

-Таны хувьд ямар шалтгааны улмаас хэзээнээс тэргэнцэр дээр суух болсон юм бэ?

-Миний хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн биш л дээ. 2019-2020 онд шилжих үеэр хүнд өвчин туссаны улмаас бусад эрхтэн системд нөлөөлж, энгийн хүмүүсээс нэг шат дутуу болж эхэлсэн. Ийм байдалд хүрсэн нь надад бие болоод сэтгэлзүйн хувьд  маш хүнд цохилт өгсөн. Ерөнхийдөө тэр үеэс эхлээд өвчтэй, зовлонтой ч гэсэн орчлонг өнгөтөөр харах гэж хичээдэг хүн бүрийн сэтгэлийг ойлгож эхэлсэн.

-Таны хувьд бага насны хүүхдүүд байсан болохоор энэ хэргийг зүгээр өнгөрөөе гэж бодсон юм уу?

-Тийм ээ, гар утсан дээр хэрэгтэй мэдээллүүд, зураг, зурвасууд их байсан болохоор өөрийн сошиал хаягаар пост бичсэн. Тэр хүүхдүүд бага насны хүүхдүүд байсан болохоор цагдаа сэргийлэхэд мэдэгдэхийг хүсээгүй. Яагаад гэвэл тэдэнд мөнгөний хэрэгцээ гараад ч юм уу, ямар ч гэсэн хэрэгтэй байсан болоод л тийм үйлдэл хийсэн байх гэж сайнаар бодоод л өнгөрөөхөөр шийдсэн.

-Энэ талаараа та сошиалд пост оруулсан байсан шүү дээ. Хүмүүс их дургүйцэж хүлээж авч байх шиг санагдсан. Тань руу хүмүүс хэр холбогдсон бэ?

-Тиймээ, тухайн постыг бичсэний дараа маш олон хүмүүс тусламаар байна яавал дээр вэ, юу хийвэл дээр вэ, камер шүүлгэх үү гэх мэтээр холбогдсон. Тэгээд эмнэлгээс хэрэгтэй мэдээллүүдээ и-мэйлээр авах боломжтой болсон болохоор би тэр постоо устгасан л даа. Тэр өдөр тийм таагүй зүйл болсон ч гэсэн нөгөө талаараа би маш их баяртай байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүн гэж хүндэлдэг, бусдад туслахыг хүсдэг залуус олон болсныг харах сайхан байсан. Миний хувьд хүмүүст уриалмаар санагддаг нэг зүйл байдаг л даа.

Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай зөвхөн нийтлээд өнгөрөх биш, уншигчид ч мөн энэ тухай уншаад өнгөрөх биш тэднийг нийгэмдээ өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгох нөхцлийг хамтдаа бүрдүүлж өгөөсэй гэж их хүсдэг. Тиймээс та бүхэн минь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй таарвал заавал нэг зөв үйлдэл хийдэг байгаарай. Чиний хийсэн нэг зөв үйлдлээс найз чинь үлгэрлэнэ. Найзаас чинь мөн өөр нэг хүн үлгэрлэнэ. Гагцхүү хийгээд эхэлчих л юм бол цааш цаашдаа дэлгэрээд явах учраас магадгүй үүнийг уншиж буй хүн бүр өөрөөсөө эхлээрэй үзээрэй гэж хүсэж байна. Тэгвэл цаашид надад тохиолдсон шиг ийм зүйл дахин хэн нэгэнд тохиолдохгүй байх. Хүмүүс бие биенээ илүү их ойлгож, хүндэлж сурах байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа, танд эрүүл энхийг хүсье.          




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө