“Шоу халзан” хэмээх хурдан хүлэг шүдлэн насандаа төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргүүлж, түрүүлэхийн даваан дээр хадууран унаач хүүхэдтэйгээ унасан ч цагдаа ирж хүүг мордуулснаар айргийн гуравт хурдалж, түмэн олныхоо дунд “Шоу халзан” гэх нэрээр алдаршсаныг та бүхэн андахгүй сайн мэдэх байх. Тэгвэл тухайн үед шоу халзанг унаж айрагдсан Ц.Баярбат гэх унаач хүүтэй бид сар шинийн баярын энэ өдөр ярилцлаа. Тэрбээр одоо 18 настай том залуу болсон бөгөөд “Чадна банди минь” гэж хэлээд дэлгүүрийн худалдагч залуугийн өөдөөс хэгжүүрхэх хэвлүүхэн хүүг түүнийг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Иймд бид энэ талаар болон “шоу халзан”-г унаж айрагдаж байх үеийнх нь талаар Г.Баярбат хүүтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ШОУ ХАЛЗАНГАА УНАЖ УЛСЫН НААДАМД АЙРАГДААД БАЯРЛАСАНДАА УЙЛЖ БАЙСАН-
-Анх хэдэн настайдаа морь унаж сурч байсан бэ?
-Г.Даваадалай гэж Улсын алдарт уяач бий. Тэр хүн л надад анх морь унахыг зааж өгсөн. Намайг зургаан настай байхад “Ах нь чамайг морь унуулж сургая, олон хүүхдүүдтэй уралдуулж, том наадам үзүүлье” гэж хэлж байсан. Би өөрөө дуртай байсан болохоор ээждээ түүнийгээ хэлтэл “үгүй, унуулахгүй” гэсэн л дээ. Тэгэхээр нь уйлж гуйсаар байгаад зөвшөөрүүлж байсан даа.
-Тэгээд юу нь хамгийн их таалагдсан юм?
-Үеийнхээ олон хүүхдүүдтэй морь унаад, найзлаад, энд тэндхийн олон наадамд явах нь тэр үед хамгийн гоё санагдсан. Ер нь зун, хаврыг буюу морьд уяандаа орох үеийг л байнга хүлээдэг байсан даа. Өвөл, намар цаг хугацаа явж өгөхгүй. Морьд орж ирэх дөхөхөөр л Г.Даваадалай ахтай “би түрүүлж уяан дээрээ очоод таныг хүлээж байя” гээд л ярьдаг байсан.

-Одоо бодоход сэтгэлд чинь хамгийн том үлдсэн наадам аль наадам байна?
-Миний хамгийн ярих дуртай наадам бол “Шоу халзан”-гаа унаж айрагдсан улсын наадам л байдаг юм. Тэр үед шоу халзан шүдлэн настай байсан. Хүй долоон худагийн хөндлөн зам орж ирэхэд л ганцаархнаа тасарчихсан түрүүлж явсан. “Ингээд л түрүүлчихлээ дээ” гээд бодож явтал хадуураад, морьтойгоой ойчоод өгсөн.
Тэгээд л “за ингээд айрагдахгүй боллоо” гээд бодож байтал нэг цагдаа ах гүйж ирж мордуулаад бид хоёр айргийн гуравт хурдалсан юм даа.
-Тухайн үед ямар санагдаж байв?
-Тэр үедээ би бүр баярлаад уйлж байсан шүү дээ. Бас манай уяач Г.Даваадалай ах маань “баярлалаа ахын дүү” гэж хэлж байсан нь тод санагдаж байна. Шоу халзангийн эзнийх нь аав хүртэл уйлж ирээд “баярлалаа ахын дүү” гэж хэлж байсан. Би чинь тэр үед юм мэдэхгүй жаахан байсан болохоор баахан хүмүүс уйлаад байхаар юу болоод байгааг сайн ойлгохгүй хэцүү санагдаж байслаа. Тэр цагдаа ах л холоос гүйж ирж мордуулаагүй байсан бол тэгж айрагдахгүй байсан байх л даа.

-ШОУ ХАЛЗАН ААШТАЙ БАЙСАН БОЛОХООР НАДААС ӨӨР ХҮҮХЭД УНАДАГГҮЙ БАЙСАН-
-Шоу халзан ер нь унахад ямар хүлэг байсан талаар, ямар зан араншинтай адуу байсныг ярихгүй юу?
-Шоу халзан тийм ч номхон адуу биш. Ааштай. “Өөр хүүхэд унах юм бол ойчоод, муу зан сургачихна” гэдэг байсан болохоор Г.Даваадалай ах дээр сойж байх хугацаанд занг нь мэддэгээрээ би л унадаг байсан.
-Тэгээд эзэн нь “шоу халзан”-г нь зарахад ямар санагдаж байв?
-“Яах гэж зарж байгаа юм бол. Далай ахаар уяуулаад явахгүй байсан юм байх даа” гээд их харамсаж байсан даа. Зарсаных нь дараа ч унаж байгаа хүүхэд дээр нь очоод, “ямар байна, би унадаг байсан шүү дээ” гээд ярьдаг байсан.
-Одоо хүмүүс чамайг тэр үед “Шоу халзан”-г унаад айрагдсан хүү гэж мэддэг үү?
-Хөдөө очихоор зарим уяач нар “Чи нөгөө шоу халзанг унаж айрагддаг хүүхэд байна тэ. Ямар хөөрхөн юм. Ганц зургаа даруулчихъя” гэдэг. Би ч ичээд юун зураг даруулах л байсан даа тэр үед.

-Өөр томоохон наадамд морь унаж айрагдаж, түрүүлж байв уу?
-Улсын наадамд долоон настайдаа гурван насны морь унаж айрагдсан юм. Н.Заабар гэж хүний эрлийз дунд насны морийг нь унаж айрагдаад, н.Нямжав гэж хүний хээр морийг нь унаж гуравлаад, хамгийн сүүлд нь шоу халзангаа унаж айрагдаж байсан. Намайг долоон настай байх тэр жилийн наадам л их сайхан өнгөтэй наадам болж өнгөрсөн дөө.
-Гэр бүлийнхэн нь чамайг хурдан морь унахад хэр дэмждэг байсан бол?
-Ээж, аав хоёр “морь унуулахгүй” гээд л би зөрж, “унана” гэж их уйлдаг байлаа. Манай эгч л намайг морь унуулах их дуртай байсан даа.
-Хэзээнээс хурдан мориноос хасагдав?
-Хөл маань гэмтээд түүнээс хойш морь унахаа болиод байгаа. Морь унаагүй хоёр жил болж байна.

-"ЧАДНА БАНДИ МИНЬ" ГЭЖ ХЭЛСЭН БИЧЛЭГ ДЭЭР ДӨРВӨН НАСТАЙ Л БАЙСАН БАЙХ. ТОМ БОЛООД ИХ ИЧИЖ БАЙСАН-
-Одоо ч сошиал орчинд явдаг нэг алдартай бичлэгийн эзэн нь чамайг гэж хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. “Чадна банди минь” гэж хэлээд дэлгүүрийн худалдагчийн өөдөөс хэгжүүрхэх тэр бяцхан хүү одоо ямар залуу болсон бол гэж олон хүмүүс сонирхож байгаа байх. Тэр бичлэг чамайг хэдэн настай байхад хийсэн бичлэг юм бэ?
-Тэр чинь хотод шүү дээ. Уяачийнхаа ээжтэй явж байсан юм. Дөрвөн настай л байсан байх. Нэг дэлгүүрийн ах “чихэр идмээр байгаа бол боовоо харуул” гээд. Тухайн үед бичлэг хийсэн байсныг нь ч мэдээгүй.
-Одоо тэр бичлэгээ үзэхээр ямар санагддаг вэ?
-Жаахан байсан болохоор ичмээр санагдсан. Үнэндээ тэр бичлэг цацагдахад тэгж их баярлаагүй. Би чинь өөрөө ичимхий болохоор их эвгүй санагдаж байсан. Одоо ч гэсэн ярихаар ичээд байдаг юм.
-Уяач болно гэж боддог уу?
-Өнгөрсөн өвөл морьд дээрээ оччихоод ирсэн. Очиход үлдчихмээр л санагдаж байсан. Хэрвээ би морь уяад явсан бол Г.Даваадалай ах шигээ л уяач болох байсан гэж боддог.

-Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ. Чиний хувьд ямар утга учиртай баяр бол?
-Цагаан сар бол Монголын маань үндэсний хамгийн том баяр шүү дээ. Миний хувьд цагаан сарыг ах дүү, ээж аав, эгч нартай золгож тэмдэглэдэг. Ах дүү, гэр бүлээрээ нэг гэрт цуглах нь л жаргал шүү дээ. Жаахан байхдаа нэг жил ээж, аав дээрээ ирж золгох гээд 61-ын гарамаас мориор Налайхад гэртээ ирж байсан юм. Тэр үед хүмүүс хараад “ямар хөөрхөн юм бэ. Морийг чинь нэг унаад үзчихье” гэж их хэлсэн санагддаг. Ер нь морь унаад цагаан сараар айл хэсэх их сайхан байдаг даа.
-Нийт Монголчууддаа хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Энэхүү ярилцлагыг уншиж суугаа нийт Монголчууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Сайхан шинэлээрэй.
Үргэлжлүүлэн бид Ц.Баярбат хүүгийн ээжтэй хэсэг хором ярилцлаа.
-ХҮҮГЭЭ ЗУРАГТААР ХАРААД, ОЛОН ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ҮЗЭЭД ИХ БАХАРХСАН ДАА-
-Хүүгээ анх "хурдан морь унана" гэж хэлэхэд хэрхэн хүлээж авч байв?
-Ганц хүү маань юм болохоор би морь унуулах их дургүй байсан. Би өөрөө бол өсөхөөс эхлээд л морь унадаг байсан хүн. Тэгээд нэг өдөр ажил дээрээ байж байсан чинь “ээжээ намайг нэг ах ирж авна гэсэн. Би морь унамаар байна” гэж байна. Тэгэхээр нь “Чамайг морь унуулахгүй гээд байхад ямар учиртай юм бэ” гээд л их ундууцаж байсан юм. Удаачгүй нэг хүн залгаад “61-ийн гарамаас ирж байна. Г.Даваадалай гэж уяач байна. Танай хүүг гуйж яваа юм. Морь унуулах гэсэн юм аа. Танай хүү л надад хэрэгтэй байна” гэхээр нь “морь унаж чадахгүй хүүхдийг морь унуулна гэж байхгүй, эгч нь бол хүлээн зөвшөөрөхгүй” гэхэд “Та надад итгээд л явуулчих. Би өөрийнхөө дүү шиг л хандаж, сургана” гэсэн. Тэгээд л хүүг маань аваад явсан юм даа.

-Шоу халзанг унаж айрагдаж байх үед юу бодогдож байв?
-Шоу халзанг унаж уралдаад эргээд бослоо л гэдэг. Тэр үед эх хүн л юм болохоор санаа зовоод нойр хүрэхгүй. Шөнөдөө л давхиж очиж байлаа шүү дээ.
-Хүүгээрээ бахархаж байсан байх даа?
-Хүүгээ зурагтаар л үзнэ шүү дээ. Улс, бүсийн наадмыг бид чинь ойроос үзэж амжихгүй. Ажилтай болохоор. Хүү маань “Би тэд номертой мордсон шүү, хүүгээ хараарай. Би яг камерын хажууд явж байна” гээд л утсаар ярина. Би чинь тэгээд зурагтаа нүдээ бүлтэртэл хараад л сууна шүү дээ. Хүү маань дандаа л орсон наадам болгондоо айрагдсан байгаа харагддаг. Ер л их одтой сайхан нааддаг байсан даа.
-Хүүгийнх нь бичлэг цацагдахад ямар санагдаж байв?
-Хүү маань олон түмний хайр, хүндэтгэлийг хүлээхээр омогшиж, хүүгээрээ бахархах сэтгэл төрдөг юм билээ. Хүүгээ загнаад л байдаг, хүү минь ингээд олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байгаад их баярладаг. Одоо ч гэсэн хүмүүс харахаараа “Нөгөө шоу халзанг унадаг хүү байна шүү дээ” гэдэг. Энэ ташрамд хэлэхэд Г.Даваадалай дүүдээ маш их баярладаг шүү. Хүү маань өдий зэрэгтэй явж байгаад тэр хүний тус нэмэр байдаг гэдгийг хэлмээр байна.

-Хүүгийн тань “Чадна банди минь” гэж хэлсэн бичлэг цацагдах тэр бичлэгийг яаж байгаад хийж байсан бол?
-Миний хүү багын хэрсүү, адтай хүү байсан. Хүн болгон л “энэ ёстой янзын сэргэлэн, хөдөлгөөнтэй хүү болно” гэж ярьдаг байлаа. Тэр бичлэгийг хараад “яаанаа, яагаад ингээд янз бүрийн бичлэг хийгээд тавьсан юм бол. Одоо сошиал хөгжчихсөн, хүүг маань хүмүүс янз бүрээр хэлээд л асуудал үүсэх байх даа” гэж бодож байсан. Миний хүү эмээтэйгээ явж байгаад л тийм бичлэгэнд орсон байсныг нь сүүлд мэдсэн.
-Хүү нь нэг л өдөр уяач болмоор байна гэвэл та зөвшөөрөх үү?
-Өөрөө бол морь луугаа явуулах санаатай байх шиг байгаа юм. Гэхдээ төрүүлсэн ганц хүү минь юм болохоор би аль болох мэргэжилтэй, сургуультай болоосой л гэж боддог юм даа.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.