Энэ сарын 17-ны өдөр /2026.02.17/ Сүрээр дарагч хэмээн гал морь жилийн битүүний өдрийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Улсын заан Т.Лхагвагэрэл түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэн олон түмнээ баясгасан.
Уг барилдааныг Монгол орны бүх нэртэй эрхэм ирж үздэг уламжлалтай. Гэвч энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нөхрийн хамт Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуайн өмнө суусан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, иргэд "УИХ-ын гишүүдийг хүндэтгэлийн суудал, VIP зэрэгт суулгахаа болих хэрэгтэй. Өөрсдөө тасалбараа аваад үзэх ёстой юм. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн нөхөр ямар гавьяа байгуулсан гэж Хөдөлмөрийн баатар, агуу Зэвэгийн Ойдов гуайн өмнө суудаг юм" зэргээр бичиж байна. Зэвэгийн Ойдов нь 20 дугаар зууны манлай тамирчин, чөлөөт бөхийн барилдааны дэлхий хошой аварга Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, багш хүн юм.
