Өнөөдөр /2026.02.21/ Сүхбаатарын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, мөн төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүнаймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр, говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шорооон шуурга шуурна.
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -11...-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.